Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй Инж-Ану ХХК, хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Н.О цайны газарт БЗД дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалтыг өнгөрөгч сард хийжээ.

Уг шалгалтаар Инж-Ану ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүй, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, дотоодын хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Xичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-ийн ажиллуулж буй цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй, гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, ердийн болон механик агааржуулалтын төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, бохир ус зайлуулах, ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулсан, аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд илэрч байсан аж.

Энэхүү зөрчлийг үндэслэн НМХГ-аас иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлжээ. Мөн 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Өмчийн Ашиглалт Удирдлагын газарт 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй Инж-Ану ХХК-ийн түрээсийн гэрээг дүгнэн үзэж, үйл ажиллагааг цуцлах саналыг хүргүүлсэн байна.