Өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиож байна. Энэ жил дэлхий даяараа амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч байгаа юм. Тодруулбал, манай гарагт сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог байна.

Тэр дундаа Номхон далайн баруун бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгтэй 100 сая гаруй хүн байгаагаас өдөрт 500 нь амиа хорлодгийг ДЭМБ мэдээллээ. Тиймээс манай улс ч “Амь аврах 40 секундийн үйлдэлд нэгдэцгээе” уриалгад нэгдсэн байна.

ДЭМБ-ын судалгаанд дурдсанаар, зонхилон тохиолдох сэтгэцийн өвчний тархалт ихтэй бүсийн 15 орны долдугаарт Монгол Улс эрэмбэлэгджээ. Үүний дотор сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали, Шинэ Зеланд улсын дараа Монгол улс гуравдугаар байранд орсон байна. Харин 100 000 хүн тутамд амиа хорлож буй тохиолдлын тоогоороо зургаадугаарт жагсав. Сэтгэл гутрах эмгэг нь голдуу залуу насанд тохиолддог учраас нийгмийн амьдралд нь сөргөөр нөлөөлж, удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг аж.

Иймд та бүхэн энд дарж сэтгэл гутралыг илрүүлэх сорилыг бөглөж өөрийнхөө түвшинг тогтоох боломжтой юм.