Хошин урлагийнхны тоглолтыг хаа нэгтээ харах бүрт сайн сайхан хүмүүс сэтгэлд буудаг юм. Алиалагч Батсүх, алдарт Латив гэдэг ч юм уу, олон хүний нэр бичигдэнэ л дээ. Арай сүүл үеийнхнээс Амбий, Аси гээд үг яриа нь төдийгүй үйл хөдлөл, дүр төрх нь бүр нэг хоногшсон жүжигчид байна. Урлагийнхан нэг нэгнийхээ тухай ярьж, үзэгч олон ч тэднээс зарим нэг хүний дүрийг нэхэж, нийгэм сайхан хүний тухай хааяа үгүйлж эхлэх нь бий. Тийм л бодролын үзүүрээр Амбий гэж авьяасын хүүдий болсон уран бүтээлчийн тухай товчхон дурсахыг хүссэн минь энэ. Түүнийг 43-хан настай хар нялхаараа буцахад олон хүн харуусч, ялангуяа хайрлаж хүндэтгэдэг үзэгч олон нь нулимстай хоцорсон. Хошин урлагийн анд нөхөд нь, их урлагт хөтөлсөн ачит багш нар нь элэг эмтэрч үлдсэн. “Амины хайртай шавь минь. Ард олны амин хайртай жүжигчин минь. Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмний сэтгэлд мөнхөрч үлдлээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, алиа хошин яриаг нь сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа” хэмээн түүний багш, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг өнгөрснийх нь дараа хайлган халуунаар хэлж байсан.

Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байсан гэдэг. Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм гэдэг нь ийм учиртай ажээ. Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсөнгүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод” ирсэн Амбийг гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлсэн байдаг. Ерэн онд Дорнодын театрынхан Улаанбаатар хотноо тайлан тоглолт хийхээр иржээ. Театрын уран бүтээлчдийн дунд алс Дорнод нутгаасаа Амбий цохиж ирсэн нь мэдээж. Мань эр төрийн шагналт Далхаагийн Норовын “Үнэ цэнэ” жүжигт наймаачин залуугийн жижигхээн дүрд тогложээ. “Тайзан дээр байгаа хэрнээ үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэг нөхөр тогтож ядан байсан сан. Тэр бол миний анх олж харсан Амбий. Наймаачин залуугийн дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ” гэж Гандий багш нь хэлдэг.

Монголын нэрт найруулагчийн “дуран хараанд” өртсөн тэрээр удаа ч үгүй Соёл урлагийн их сургуулийн босго алхах нь тэр. Хоёрдугаар курсийн оюутан байхдаа Оросын зохиолч Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын хөрсөнд татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий Сүмбээ гэж ар гэрийн амьдрал, суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан байдаг. Эл жүжиг тухайн үедээ Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа хичнээн удаа дүүрэн үзэгчидтэй тоглогдож байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг юм. Гандий багшийгаа “Мичидийн зургаан гялаан” кино хийхээр хөдөө яваад ирэхэд нь Амбий, Бооёо хоёр нь улсын уралдааны тэргүүн шагнал авчихсан сүрхий гэгч нь угтсан удаатай. Амбий нь “Дээрэмчид” жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихаад багшийгаа хүлээж байсан гэх. Түүний алдаа оноо, гэм хоргүй гэнэн цайлган олны нүдэн дээр ил байжээ. Ер нь Соёл урлагийн их сургуульд Амбий гэдэг хүн аль ч талаараа шуугиулж явсныг найз нөхөд, ойр тойрныхон нь инээдэм наргиан болгодог. “Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан, хорон биш.

Хорон биш мөртлөө хоморгонд их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор алсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий, тариан талбай руу орсон гахайг хадаастай модоор сүлбэсэн хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна. Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед. Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийгаа үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ” хэмээн өнөөх л үйлтэй Гандий нь инээх, уйлахын завсарт хэлдэг юм.

Ерээд оны дундуур дэлгэцэнд гарсан “Наран ургахыг хүлээхгүй” гэж кино бий. Эдүгээгийн гавьяат Гомбын Золбоот, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо нар гол дүрд нь тоглосон уг киноны хатиг Даваагийн дүрийг багш нь Амбийдаа зориулж бичсэн юм гэнэ лээ. Хошуу ноёны хүү хатиг Даваа хайртай бүсгүйгээ шилийн сайн эртэй ууланд амраглаж байхыг хараад тэр хоёрыг буудах гэснээ болиод өөрийгөө буудаад алчихаж байгаа эмгэнэлтэй дүр. Амбийг тэр дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан гэж хэлдэг. Уг киноноос хойш л Амбий дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирж “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч”, “Содура” гэх олон киноны дүрийг чухамхүү гялалзтал бүтээж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн билээ. Ёстой л нөгөө Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн юм. “Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ” гэж киноны аварга найруулагчдын хэлсэн үгний цаана их том үнэлэлт байдаг.

Уран бүтээлчийн хувьд сод байхын зэрэгцээ хүнийхээ хувьд нуруутай нэгэн байсан нь олон хүний үг ярианаас мэдрэгддэг. “Амьдрал Амбийгийн нүүр шиг арзгар байна” гэх яриа нэг хэсэг моданд орж байв. Яагаад ч юм энэ яриа надад арзгар, баргар, хүйтэн бус халуун дулаан, инээд цалгисан сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Зүгээр “Амбий” гэх нэрийг сонсоход л сэтгэл уужирч, ямар нэгэн баярт мэдээ сонссон юм шиг эрхгүй инээд хөөр тодордог. “Хар” Цэвэгсүрэнгийн “хар” Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй муудалцаж, нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаадах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлаа. Цаанаа юм хадгална гэж байхгүй. Байдаг ийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө гэдэг. Тэр бол ийм л дулаахан сэтгэлтэй, цагаан цайлган нэгэн байсан. Ийм л уран бүтээлч ард түмний сэтгэлд хадгалагдаж гэнэ гэнэхэн гэгээн сайхнаар бодогддог байх. Түүний тухай тааруухан үг унагасан уран бүтээлчийг одоо хэр нь бид сонсоогүй л явна. Хичнээн авьяастай нөхдөдөө муу нэртэй, эргэн тойрондоо сэтгэл дутуу явахыг алийг тэр гэх вэ. Гэтэл Амбий гэж ард түмний хайртай хүүд ийм зүйл байсангүй. Сүүлд бүтээсэн “Содура” киноных нь дүрийг хүмүүс бас л ярьдаг. Өөрөө ч тэр тухай сэрүүн тунгалагтаа. “Монголчууд бид чинь гурван сая хүрэхтэй үгүйтэй цөөхүүлээ. Тэр цөөхөн ард түмэн дотроо цөөн үлдсэн цаатан иргэд нийгмийн ороо бусгаа энэ цаг үед хэрхэн яаж амьдарч байна вэ. Цаашид яах ёстой юм гэдэг сэдвийг агуулсан, нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлсэн кино” хэмээн хэлж байсан. Тайзан дээр үргэлжид олныг инээлгээд л, өөрийнх нь инээж байгаа дүр төрхийг харахад нэг л аз жаргал, баяр баясгалантай хүн шиг. Гэвчиг уран бүтээлчийн хувьд цээжин цаанаа гунигтай, худал хуурмаг, өнгө мөнгөний хорвоогийн үнэнийг таниад гутарсан, цөхөрсөн уран бүтээлчийн далд зовнил, эмзэглэл байсан байх. Тэгж бодогддог юм.

Амбий, Бооёо, Хүрлээ гэдэг Монголын хошин урлагийн нэгэн цагийн нэрийн хуудас байсан. Тэр гурвын тоглолтыг үзээд ёстой нэг бах ханах шиг болдог байсан. Амбийгийн зүгээр нэг чимхлүүр үг, үйлдэл нь хүртэл тэр чигтээ сэтгэлд буудаг нь гайхмаар. Хоёр мянга зургаан онд одоогийн гавьяат Баттулга буюу Аглуу “Хориотой жүжиг”-ийн гол дүрээр “Гэгээн муза” авчихаад байж байхдаа найз нөхдийнхөө тухай нэгэнтээ хэлж билээ. Түүндээ “Амбий, Бооёо, Дооёо, Эрдэнэзаан, Мөнхсайхан шиг жүжигчид Монголын хошин урлагт дахиж төрнө гэдэг ховор. Мөн ч их цаг хугацаа шаардагдана. Биднийг даваад гараад ирсэн дүү нар бол харин мундаг байхаас яахав” гэсэн утга бүхий зүйл хэлсэн. Дээрх хэдийгээ Аглуу нь нэр зааж нэрлэсэн. Хамгийн түрүүнд Амбийгаа хэлснийг санаж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын нэгний сонинд миний бие гавьяат жүжигчин Ариунболдтой (Бооёо) ярилцлага хийж байсан. Бид хоёрын яриа нэг л мэдэхэд Амбийгийн тухай хөвөрчихсөн юм. “Сайхан хүнийг дурсах сайхан байдаг. Инээдмийн баярын энэ өдөр андаа дурсаад сууж байгаа минь надад сайхан байна. Нэг талаар сонин сэтгэгдэл төрж байна. Итгэхгүй ч байгаа юм шиг. Хүрлээ бид гурав ямархан уран бүтээлчид байсан, хэр хэмжээний уран бүтээл олонд хүргэж сэтгэлийн цэнгэл эдлүүлснийг яриад баршгүй. Манай Амбий бол хошин урлагийн төлөө төрсөн, хүмүүст инээдэм хөгжөөн, сэтгэлийн баяр баясгалан өгөх гэж хорвоод ирсэн уран бүтээлч байлаа. Бид хамтарч ажиллаад дараа нь тус тусынхаа бизнесийг хөөсөн. Амбий маань өөрөө бас хамтлаг байгуулсан. Гэвч сэтгэл зүрхнээсээ алхам ч холдоогүй дээ. Би муу найзыгаа үргэлж бодож, бие хаа нь гайгүй л байгаа даа.Ойрд ямар бүтээл дээр ажиллаад манаргаж байгаа бол гэж боддог байлаа. Сүүлд өнгөрөхийнх нь өмнө очиж уулзсан. Огтхон ч гуньж гутралгүй хорвоог орхисон” гэж хэлж билээ. Амбий, Бооёо хоёрын танилцсан түүх бас сонин. Бооёо нь СУИС-ийн оюутан болжээ, мэдээж Амбий нь бас л архаг оюутан нэртэй Дорнодоос ирсэн байж таарна. Тэр хоёр удаа ч үгүй дотно нөхөрлөж, Амбий Бооёогийнхоо гэрээр орж гарч, хооллож ундалж хамаг л юманд хамт байж гэнэ. Тэгтэл аав нь Дорнодоос яриад “Миний хүү яажшуухан байна.Наана чинь аавтай нь хамт Дорнодын театрт ажиллаж байсан Намсрайжав гэж найруулагч бий.Тэднийхийг сураад очдог юм шүү” гэж хэлсэн байдаг. Хүрлээтэй ч гэсэн уулзаж ярилцаж байхад Амбийгаа л ярина. Ийм л дотно сайхан андууд, хошин урлагийн нэгэн цагийн өнгө болж явсныг манайхан мэдэх хойно доо. 2015 оны хоёрдугаар сарын 26-нд шиг санагдана, тэр сайхан жүжигчин хорвоог орхисон. Гэтэл өнгөрөхөөс нь долоохон хоногийн өмнө хэвлэл мэдээллээр Амбий гавьяат авахаар болжээ гэсэн мэдээлэл гарч олон хүн баярлаж байсан. “Энэ жилийн Цагаан сараар Амбий гавьяат авах нь” гээд л. Нэгнээс нэгэн рүүгээ дамжсан мэдээлэл түгээд л, авах цаг нь бололгүй яахав гэх яриа газар сайгүй гараад л. Хүмүүсийн тийм хөөр баяр, гавьяат болох нь гэх горьдлого тасраагүй байж байтал “өнгөрчихлөө” гэх итгэмээргүй, харуусалт мэдээ түгсэн сэн. Хүмүүний хорвоо дээр авьяастай, чадалтай, ухаантай сайхан хүмүүс ирээд буцдаг. Тийм хүмүүсийн нэгэн тод илэрхийлэл нь Амбий байлаа. Монголын урлагт ёстой л нэг солонго шиг татаад өнгөрчээ. Гэвчиг өөрийнхөөрөө байдаг мөн чанар, халуун сэтгэл нь хэзээд мартагдахгүй.

 

Өдрийн сонин