Юу тарина түүнийгээ хураана буюу саарал жагсаалтаас ангижрахуй

Ирэх долоо хоногт Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэх талаар ФАТФ-ын хурал болох гэж байгаа. Энэ чухал үед унтаж байгаад сэрсэн баавгай мэт, гэнэт огцом асуулт асууж попрох дүр зураг ажиглагдаж байна.

Улмаар мэдээллийн үнэн мөнийг задлан ойлгохгүйгээр, олон нийтийн хэрэгслээр түүнийг нь сэвж байна. Тэгэхлээр саарал жагсаалтыг тойронд гарч буй мэдээлэлд факт чек хийх зорилгоор үүнийг бичлээ.

Юун түрүүнд 2017 онд ФАТФ болон Ази номхон далайн бүсийн байгууллага нь мөнгө угаахтай тэмцэх 40 зөвлөмжөөс 20-ыг биелүүлээгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ нойллож “эрчимтэй хяналтад” оруулсан. Өөрөөр хэлбэл хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Үүнд хууль эрх зүй, санхүү, хяналтын орчин гээд олон зүйлийг багтаахаас гадна цаасан дээр бичигдсэн зүйл хэрхэн хэрэгждэгийг үнэлдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр 20 зөвлөмжөөс 16-г нь хангалттай ахиулж, 11 үзүүлэлтээс 7-г нь сайжруулаад байна. Нэг талаар энэ богино хугацаанд хүчин чармайлт гаргасныг мэргэжлийнхэн үнэлж байгаа ч яагаад 4 үзүүлэлт хангалтгүй байна вэ? Үүнд хариулахын тулд үзүүлэлт тус бүрийг хариуцсан байгууллагатай нь холбож тайлбарлахыг оролдъё.

 

 

“Зохицуулалтын байгууллагууд санхүүгийн институтүүдийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” гэсэн 3 дахь заалт нь голлон Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой. 2019 оны 2-р улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос 538 ББСБ тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэдгээрийн хяналт зохицуулалт нэр төдий, асуудал илрүүлсэн ч авч байгаа арга хэмжээ нь хангалттай биш учраас мөнгө угаах боломжийг олгож байна гэж дүгнэжээ.

 

 

Өөрөөр хэлбэл ББСБ-ыг хянадаг байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо үүнд тайлбар хийх хэрэгтэй. Мөн Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, нотариатчдын танхим, хуульчдын холбоодуудад анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Эдгээр мэргэжлийн холбоодууд нь мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох ёстой боловч дорвитой ахиц гарахгүй байгаа. Үндсэндээ бол Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамны мэдлийн хүрээнд холбоодууд нь мөнгө угаахтай тэмцэх тодорхой чиглэлгүй, нөгөө талаар яамдуудаас үүнийг зохицуулдаггүй болж таарч байна. Долдугаар заалтад “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ногдуулах” гэж байгаа ба хууль сахиулах байгууллагууд буюу цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх байгууллагууд цаашлаад шүүхээс дорвитой арга хэмжээ аваагүй гэжээ. Үүн дээр оноо алдаж байгаа гол шалтгаан нь нэгдүгээрт Монголд саяхныг хүртэл мөнгө угаах зүйл заалтаар хэрэг шийдвэрлэгдэж байгаагүй, МИАТ-ын хэрэг дээд шүүх дээр унасан, хоёрдугаарт ил тод байдлын хуулиар 30 их наядыг илрүүлсэн ч татвараас зугтсан, хууль бус мөнгийг зүгээр өнгөрүүлсэн, гуравдугаарт санхүү, терроризмын гэмт хэргээр шийтгэгдсэн хэргүүдийг ардчиллын 25 жилийн ойгоор өршөөсөн асуудлууд юм. Монголд мөнгө угаах гэмт хэргээр дорвитой шийтгэл хүлээдэггүй, шийтгэгдсэн ч маргааш нь УИХ-аас нь өршөөчихдөг нь итгэл төрүүлэхгүй байна.

 

Бидний хэрэгжүүлж чадахгүй байгаа наймдугаар заалт нь “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” аж. Монгол Улсын хил, гааль дээр хээл хахиул хэрээс хэтэрсэн, хүнд суртал өндөр байхад мөнгө угаахтай тэмцэх тухай яриад хэрэг байхгүй. Хилээр мэдүүлээгүй алт, үнэт эдлэл, цаашлаад бэлэн мөнгийг хураах тал дээр удаашралтай байгаа тул Гаалийн ерөнхий газраас идэвхжүүлэх нэн шаардлагатай байна.

 

 

Арван нэгдүгээрх буюу сүүлийнх нь "үй олноор устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэсэн заалт байгаа. Хэдийгээр бид үйл олноор хөнөөх зэвсэг нэвтрүүлж эсвэл үйлдвэрлэсэн тохиолдол байхгүй ч цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Хойд Солонгосын ажиллах хүчийг улсдаа авчирж ажиллуулж байсан нь хэрэг тарьсан.

 

Юу тарина түүнийгээ хураана гэдэгтэй адил Хойд Солонгостой найзлаад байхлаар ийм юу болж байгаа юм. Гэхдээ Хойд Солонгосын ажилтнуудыг зохих хугацаанд нь нутаг буцаасан гэсэн мэдээлэл байгаа боловч үүнийг олон улсад сайн ойлгуулаагүй бололтой. Энэ нь ч аргагүй юм. Учир нь дипломат харилцаанд ранк гэж байдаг ба дээд түвшинд мэдээлж, харилцах эрхтэй Элчин сайдуудыг томилохгүй гацаагаад байхлээр хэн ойлгуулах билээ. Эдгээр фактуудыг тулгаад үзэхэд УИХ, Засгийн газар, шүүх, агентлаг зэрэг төрийн байгууллагуудаас авахуулаад мэргэжлийн холбоодууд 2 жилийн хугацаанд алдаагаа засахын тулд юу хийвээ гэж асуух хэрэгтэй. Хамгийн гол нь буруугаа нэгнээсээ хайх биш алдаагаа засахын тулд хэдий хэр хүчин чармайлт гаргаснаа ФАТФ-т зөв тайлбарлах ёстой. Улс орнууд хар, саарал жагсаалтад орохгүйн тулд бүхнээ хийдэг бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон түүнийгээ тайлбарлах ажил дээр ижил ач холбогдол өгдөг. Тиймээс төрийн бүх түвшиндээ ФАТФ-д ажлаа танилцуулж, саарал жагсаалтад орохгүйн төлөө бүхнээ хийвэл ямар вэ? Дараа нь гавъя шийтгэлээ ярьцгаая.

 

 

Н.Баттүшиг