Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F" хэсэгт өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг Киргизийн хөлбөмбөгчидтэй өчигдөр эх орондоо өрсөлдөв.

Киргизийн багаас Гулжигит Алыкулов, Мирлан Мурзаев нар дараалан гоол оруулж, тоглолтыг 2:0-ийн харьцаатай оноогоор тэргүүлж эхэлсэн. Тоглолтын 57 дахь минутад Монголын шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулж 2:1 болгосон хэдий ч ахин гоол оруулах боломжуудыг ашиглаж чадахгүй явсаар хожигдол хүлээв.

Үүнээс өмнө Монголын шигшээ 2017 оны арванхоёрдугаар сард “Цунами цом” тэмцээнд Киргизтэй гэж 3:0-ээр ялагдал хүлээж байсан удаатай. Харин өчигдрийн тоглолтыг тэс өөр болно гэж ахлах дасгалжуулагч Майкл Вайсс мэдэгдэж байсан.

Тэрбээр “Монголын үндэсний шигшээ баг өнгөрсөн 2.5 жилд юу сурснаа Киргизийн багт үзүүлнэ. Бөмбөг эзэмшиж, жигүүрээ сольж, хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ" гэж байсан ч талаар болов. Киргизийн багт талбай дээрээ хожигдон “Плэй Офф” тоглолт хийж Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны гуравдугаар шатанд орох эсэхээ шийдэх боллоо. Дэлхийн аваргын бус Ази тивийн хамгийн нэр хундтэй тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ багийн залуус тоглолт бүрээс эерэг үр дүнтэй гарч ирэхийн төлөө хичээж, эх орныхоо төлөө зүтгэж яваа.

Энэ удаагийн тоглолтын өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин “Бидний гол зорилго хожил авах. Олон гоолын зөрүүгээр хожих үгүй нь тийм ч чухал биш. Монголын шигшээ баг талбайдаа тун хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг юм шиг санагдсан. Тиймээс бид байж болох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ гаргана” хэмээн мэдэгдсэн.

Харин Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлнэ. Японтой тоглоход ур чадварын зөрүү гарсан ч энэ удаад үгүй. 2017 онд Киргизийн багт 3:0-ээр хожигдоход 23-аас доош насны залуус тухайн тоглолтод оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол үндэсний шигшээ баг. Юу чаддагаа харуулах болно” гэдгээ мэдэгдсэн юм.

Гэвч манай шигшээ багийн хувьд гоол оруулах хэд, хэдэн боломжийг ашиглаж чадсангүй. Өөрсдийн талбайн давуу тал болох үнэнч хөгжөөн дэмжигчдийн итгэл найдвар болсон “нэр төрийн” гоолтой л үлдэж чадлаа.

Үндэсний шуудан сонин