2012 оноос хойш СУИС-ийн эрдэмтэн доктор багш нар "Монголчуудын үнэт зүйл"-ийг тодорхойлон томьёолохоор нэлээд олон ажлыг хийж байгаа. Үүний нэг нь эрдэм шинжилгээний бага хурал юм. Тус сургуулийн санаачлагаар БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Монголчуудын үнэт зүйл" төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцүүлж, Монгол төрийн, Монгол гэр бүлийн, Монгол хүнхий эрхэмлэх үнэт зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томьёолох зорилготой дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо.

2013-2014 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр "Соёл ба хөгжил" олон улсын чуулганыг СУИС зохион байгуулсан байдаг. Уг чуулганд оролцсон эрдэмтэн судлаачид үнэтэй зүйлсээ томьёолж, баримт бичиг гаргах тухай ярилцсан удаатай. Энэ үеэс эхлэн Монголын үнэт зүйлсийн тухай хэлэлцүүлгүүдийг СУИС-ийн тэргүүлэх профессоруудын хүрээнд хэлэлцэж, цуврал лекцүүдийг зохион байгуулжээ. 

СУИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос "Өнөөдөр бид 30 гаруй эрдэмтэн, судлаачдыг урьсан байгаа. Бид нар олон жилийн турш энэхүү олон үе шаттайгаа эрдэм шинжилгээний бага хурлыг хийлээ. Үнэт зүйлсээ томьёолсон энэ удаагийн бага хурлаараа та бүхэндээ танилцуулна. Соёл урлагийн салбарынхан өөрсдийнхөө боломж, чадал чансаагаараа үнэт зүйлсээ тодорхойллоо. Энэ төсөлд анхнаасаа идэвхитэй оролцсон хүмүүстээ талархал илэрхийлье. Өнөөдөр бид Монголчуудын үнэт зүйлийг хэрхэн томьёолох вэ гэдгээ судалгаагаар хийснээ танилцуулахаас гадна Эрдэнийн судраа Төрийн банкны тусламжтайгаар бүтээлээ. Одоо судалгааны үр дүн, энэхүү хэлэлцүүлгээрээ гарсан үр дүнгээ дагалдах номын хамт хэвлүүлж энэ төслийн ажлаа дуусгана. Эрхэм хүрэлцэн ирсэн та бүхнээс минь их сайхан санал гарах байх гэж итгэж байна. Бидний хийсэн судалгааны үр дүнд Өнөөгийн Монголын нүүр царай гарсан. Үнэт зүйлсийг мөнхийн, сонгомол, цөм. Нэг ёсондоо хөдөлгөөнгүй байдаг үнэт зүйлс байхад, нийгмийн хөгжлөө дагаад хувирамтгай байх жишээтэй. Ерөнхийдөө Монголчуудын үнэт зүйлсийг 2-3 жилд судалж байх зайлшгүй нэг институт хэрэгтэй байгаа нь ажиглагдсан" гэлээ. 

 

“Монголчуудын үнэт зүйл” төслийн социологийн судалгааны үр дүнг СУСХ, доктор (Ph.D) М.Золзаяа тоймлон илтгэл тавилаа.

 

Тэрбээр "Аливаа ард түмэн өөрийнхөө соёлын онцлогоороо үе уламжлагдаж ирсэн үндэсний үнэт зүйлсийн тогтолцоотой байдаг. Даяаршлын үед улс үндэстнүүд үнэт зүйлсээ судлах, сурталчлах тал дээр анхаарч эхэллээ.

 

Нэгдүгээрт, Өөрсдөө соёлын өв түүхтэй улс үндэстнүүд бол өөрсдийн уламжлалт эх сурвалжаас үнэт зүйлсээ тогтоож байна. Үүнийгээ бидний баримтлах үнэт зүйлс гэж ярьж, орчин үетэйгээ хэрхэн уялдуулах уу гэдэг хандлагаар явж байна. 

 

 

Бид судалгаандаа олон талыг харуулахаар зорьж асуулга явуулсан. Тухайлбал, Таны бодлоор Монгол хүний эрхэмлэх зүйл юу гэж асуухад, Тусгаар тогтнол, бахархал, Эрүүл монгол хүн байх нь өөрөө их үнэт зүйл зэргээр хариулсан. 

Фокус бүлгийн ярилцлагаа хувь, хүний, гэр бүлийн гэсэн гурван түвшинд явуулсан байгаа. Эдгээрт хамгийн их давтамжтай хариултыг эх орон, газар нутаг, тусгаар тогтнол, эх хэл, соёл, ёс заншил гэсэн хариултыг өгсөн. 

Харин чөлөөт ярилцлага дотор уран бүтээлч, зохиолчид, эрх чөлөө, хүнлэг ёс, үндэсний бахархал, эх орон, үндэсний өв соёлыг нэрлэсэн их давтамжтай байна. Ингээд хүүхэл залуучуудад үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд ямар арга зам хэрэгтэй вэ хэмээн асуухад уламжлал, гэр бүлийн хүмүүжил, албан боловсрол, үндэсний өв уламжлалаа өвлүүлэх нь их чухал гээд орчин үед технологийн дэвшил хэвлэл мэдээллийг зөв ашиглаж хүргэх гэдгийн үгүйсгэлгүй хариулжээ. Үнэт зүйлс гэдэг бол өөрөө нийгмийн субьект  төлөвшиж тогтсон эрхэмлэн хүндэтгэдэг итгэл үнэмшлийн цогц юм. Бодит үйл явдлыг үнэлж цэгнэсэн шалгуур хүмүүсийн амьдрал үйл ажиллагааны утга учир, нийгмийн харилцааны зохицуулагч ойлголт байгаа" гэж илтгэлдээ дурдсан юм.

“Монголчуудын үнэт зүйл” эрдэнийн судар бүтээх төслийн үр дүнг СУИС-ийн Тэргүүн дэд захирал, доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэг "Бид 2012 оноос хойш тасралтгүй судалгаа, шинжилгээгээ хийсэн. Үнэт зүйлсийнхээ судалгааны үр дүнгээ олон нийтэд хүргэнэ. Ингэхийн тулд Эрдэнийн судраа зална. Залуучуудад хандсан контентыг өргөн хүрээнд бэлдэж хүргэх зорилго тавьсан. Гурван цогц судалгаа хийж байж үнэт зүйл тодорхойлогдох үйл ажиллагаа хийгдэж байгаа юм. Эхнийх нь судалгааны материал, эх сурвалж, ном сурах бичиг, илтгэл, өгүүлэл дээр Монголчуудын үнэт зүйлсийг юу гэж томьёолсон байдаг вэ гэдгийг арга зүй талаас нь нэлээд их судалж үзсэн. Хоёрдугаарт, Олон улсад ямар арга зүйг хэрэглэж яаж үнэт зүйлсээ тодорхойлдог бэ гэдгийг судалсан байгаа. Жишээлбэл, Сингапур 1992 онд парламентаараа баталсан таван үнэт зүйлтэй. Түүнийгээ цагаан ном болгоод хэвлэчихсэн. Үүнийгээ дагаад богино хугацаанд хөгжиж Азийн бар болсон.

Үнэт зүйлсийг цөм үнэт зүйл, нийтлэг үндэсний үнэт зүйл гэж тодорхойлсон. Монголчуудын үнэт зүйл монгол хүний нийтэд хандаж байгаа өөрийн амьдралын орчин, төр засаг зэрэгтээ хандаж байгаа хандлагыг илэрхийлж байгаа учраас байнга тодорхойлоод яваад байх боломжгүй. Олон удаа хэлэлцүүлгийг маш өргөн хүрээнд хийсэн. Бүх хийгдсэн хэлэлцүүлгийн үр дүнг хэвлэсэн материал гаргасан. Яагаад гэвэл эргэж хараад судалгаа хийж, харьцуулж үзэхэд их хувь нэмэр оруулахуйц болсон байгаа. Социологийн судалгааг олон аймгуудын иргэдийн дунд явуулсан. Үүнээс хоёр ном гарсан. Гэр бүлтэй холбоотой судалгаа нэлээн нарийвчлан гарсан нь бидний үнэт зүйлсийн судалгаанд их дэм болж өгсөн юм. 

Одоо бид судалгааны үр дүнгээ нийлүүлээд Эрдэнийн судартаа яаж бичих вэ гэдэг нь хамгийн том асуудал болоод байна. Олон үнэт зүйлсээ системийн хандлагаар авч үзэх хэрэгтэй гэдгийг Дашням доктор зөвлөсөн. Ингээд системийн хандлагыг хэрэглэлээ.  Ёс суртахуун гээд зургаан зүйл, түвшингийнхээ хувьд хувь хүн, гэр бүл, үндэсний үнэт зүйл гэж гаргасан" хэмээн социологийн судалгааны үр дүнгээ танилцуулав.

Ийнхүү тун удахгүй Монголчуудын оюун санааны үнэт зүйл, түүний мөн чанар, төлөвшил, залгамжлах чанар, өөрчлөлт, хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулагчдад шаардлагатай шинжлэх ухааны үндэстэй аргазүйн зөвлөмж боловсруулах, улмаар үнэт зүйлийн эхний томьёолол гарах нь ээ. Түүнчлэн "Монголчуудын үнэт зүйл" Эрдэнийн сударт тэмдэглэн үлдээж, олон нийтийн хүртээл болох юм.