Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдтой биологийн идэвхит бүтээгдэхүүний талаар ярилцлаа. 

-Манай улс зүрх судасны өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг болоод байна. Үүнд юу нөлөөлж байна вэ? 

-Зүрх судасны өвчлөл хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын нийгмийн байдал болон гадаад хүчин зүйлсүүдээс их нөлөөлж байна. Нийгэм маань нилээд бухимдуу байна, дээр нь агаарын болон орчны бохирдол, хувь хүний эрүүл мэндийн боловсрол дутмаг гэх мэт олон зүйл нөлөөлж байна. Мөн сүүлийн үед хүнсний нэмэлт бүтээгдэхүүн манайхан ихээр хэрэглэх болсон нь ч аливаа өвчнийг үүсгэхэд хүргэж байна. Манай эртний монголчууд дээр үедирээдүйд учир нь үл ойлгогдох өвчин ихэснэ гэж ярьж байсан. Одоо бодоход маш зөв томъёолж байж. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн юу хэрэглэж байгаа талаар ард түмэнд зөв мэдээлэл өгөх нь зүйтэй байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар зөв мэдлэг мэдээлэл өгөх юм бол тэр хэрээр өвчлөл багасна. Эрүүл мэндийн салбарт бодлого алдагдсан.Иймээс энэ бүхнийг цэгцлэх зайлшгүй шаардлага гарч байна. Одоогоор харин бохир талын буруу мэдээлэл нь давамгайлаад хэсэг хүмүүсийн мөнгө олох ажил болж байгаа  юм. 

-Биологийн идэвхит бүтээгдэхүүнийг биед маш сайн гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Гэтэл анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрдөггүй нь сөрөг тал нь илүү байна гэсэн үг үү? 

-Мэдээж. Уг нь анагаах ухаан хөгжихийн хэрээр биологийн идэвхит гэсэн нэртэй хуурамч бүтээгдэхүүнийг шахан зайлуулчихсан юм.Биологийн идэвхит бүтээгдэхүүн эсвэл хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн гэсэн гоё нэршилтэй юм. Анх 1960-1970 онд Америкт ид цэцэглэсэн юм. Тэр үед бизнесийн ашиг олох санаархалгүй гарч байж. Гэтэл 21 дүгээр зуунд бүх юмыг бизнес болгоод ирэхээр эрүүл мэндийн салбарыг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгож эхэлсэн. Үүний нэг жишээ нь ямар ч нотолгоо баталгаагүй ургамлаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж нэрлээд, худалдаалах болсон. Үнэндээ эдгээр бүтээгдэхүүнүүдийг нь дэлхийн том том институтууд судлаад хэрэгтэй юм алга гэдгийг баталчихсан байдаг. Шинжлэх ухаанд бүх зүйл өнөөдөр тодорхой болчихсон. Өнөөдөр Орост хамгаалсан диссертаци, өчигдөр Америкт нээсэн эмийн талаарх мэдээллийг бид тэр даруйавах боломж бүрдсэн. Ямар эмийг, ямар ургамлаар, ямар аргаар гаргаж аваад ямар эмчилгээнд хэрэглэх болохыг интернэтээс харчихаж болж байна. Гэтэл биологийн идэвхит бүх төрлийн бүтээгдэхүүнд ямар ч баримт нотолгоо байдаггүй. Харин ч эдгээр бүтээгдэхүүн хортой, буруу мэдээллийг олж болно. 

Тэр ч байтугай шинжлэх ухаан биологийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, энэ нь эргээд хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан шүү дээ. Манайхан л дүлий оргиж, дүмбэ царайлж яваад байгаа болохоос биш шинжлэх ухаан хөгжсөн газруудад биологийн идэвхит бүтээгдэхүүнүүд гэсэн нэртэй болгоныг шалгаад, дэмий, хэрэггүй юм байна шүү гээд ихэнхийг нь бүр хорьчихсон. Барууны орнууд, Америкт 60-70-аад онд нэмэлт бүтээгдэхүүнүүд гарч ирээд, үүнийг нь шинжлэх ухаан 5-10 жилийн дотор судлаад ерөөсөө хүний биед дэмий юм байна,энэ яриад байгаа ашиг тус нь байхгүй байна гэдгийг баталсан. Нэгэнт шинжлэх ухаанаар баталчихсан, тухайн улсууддаа хэрэглэхээ больсон зүйлийг тэнд борлогдохгүй болонгуутэрүүл мэндийн зохистой бодлогогүй,оюуны хоосролтой, шинжлэх ухаанч мэдлэг чадвар сул, хүн амын эрүүл мэндийн мэдлэг муутай орнуудад бараагаа зарж эхэлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг.Тэр тусмаа сүүлийн үед манайд хүчээ аваад байгаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодисууд байгааг тогтоочихсон. Мөн пирамидын луйвар болох нь ч батлагдчихсан. Пирамидын бизнес чинь өөрөө маш аюултай. Өөрсдөө хэрэглээд хохирсон ч бай хамаагүй мөнгө олохын тулд дараагийн хүмүүсээ ямар ч аргаар хамаагүй элсүүлдэг. Богино хугацаанд их ашиг олох л зорилготой. Энэ компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс олон бий. Эрүүл мэндээ байг гэхэд сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглээд мөнгө төгрөгөөр хохирсон хүмүүсийг тоолохын аргагүй. 

Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээллийг интернэт сайтуудад ил тавьсан байхад манайхан л бие биеэ хуурч, хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй байна. Үүнийг хянаж цэгцэлж байх яам тамгын газар нь энэ асуудалд хориг тавиад хүн амынхаа эрүүл мэндийг бодох ёстой атал чимээгүй мэдэн будилаад суудаг. Бүр рекламдахдаа хүртэл хүмүүсийг доромжилж, арав хорин институтийн тийм ийм докторууд хийсэн гэж худлаа ярьдаг. Харин эрдэмтэн мэргэжилтнүүд хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай, хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хориглох тал дээр ажилламаар санагддаг. Манай улсын шинжлэх ухаанч бус төрийн сул доройбодлогогүйбайдлыг далимдуулж байна,  товчхондоо хэлбэл бохир, хар бизнес цэцэглэх хөрс болж байна. Эмч хүнийхээ хувьд би л лав энэ сүлжээний бизнес, тэр тусмаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байгааг таашаадаггүй. Батлагдаагүй бүтээгдэхүүнээр өөрсдийгөө болон хүмүүсийг хордуулж, мөнгөө үрж байх ямар хэрэг байна даа. 

-Гэхдээ заримдаа эмч нар хүртэл нэмэлтээр ийм бүтээгдэхүүн хэрэглэ гэж зөвлөдөг шүү дээ? 

-Сүлжээний бүтээгдэхүүний бас нэг луйвар нь эмч нарыг худалдаж авах явдал байдаг. Салбарынхаа тэргүүлэгч, зөндөө олон ном уншсан мэдлэг мэдээлэл сайтай доктор, эмч нарыг олон нийтийн хэрэгсэл, хэвлэлээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сайн гээд ярьж байхыг сонсоод “Хөөрхий дөө, даан ч дээ, ямар өлсч үхэх гэж байгаа биш” гэж өрөвдөж л байсан. Мөнгө гэдэг хүнийг ийм айхтар болгодог юм байна.

-Манай улсын Эмийн тухай хуульд биологийн идэвхит бүтээгдэхүүний талаар огт байхгүй байгаа нь энэ хар бизнесийг газар авахад нөлөөлөөд байна уу? 

-Ер эрүүл мэнд, эм биобэлдмэлтэй холбоотой хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай. Энэ биологийн идэвхит бүтээгдэхүүн гэдэгт юу оруулах ёстой юм, дэлхийн олон оронд хориглочихлоо, яагаад хаачихав гэдгийг  бодлого боловсруулж байгаа яамныхан судлаад мэдчих хэрэгтэй. Дэлхий нийт хаагаад байгаа юм чинь манайх ч гэсэн хориглох л хэрэгтэй. Манай лабораториуд өнөөдөр меланин, пестицидээ ч шинжилж чадахгүй шахам байхад энэ бүтээгдэхүүнүүдийг ойрын 10 жилдээ шинжилж чадахгүй. Тэгэхээр хөгжилтэй орнуудын том мэдээлэлд тулгуурласан шинжлэх ухаанд итгэж, үнэхээр энэ чинь болохгүй юм байна  шүү гэдгийг тал талдаа ойлгомоор байна. Төр засаг нь ч ойлгомоор байна, ард түмэндээ ч ойлгуулмаар байна. Хатуухан хэлэхэд, миний мангарыг далимдуулаад мөнгийг маань дээрэмдэн авч байна гэж ойлгох хэрэгтэй. Мөнгө нь яахав гэхэд эрүүл мэндээ алдаж байгаагаа  ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухаанаар батлагдаагүй, нотлогдоогүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд хохирсон муу жишээнүүд маш олон байдаг. Манай эмнэлэг гурав дахь шатлалын эмнэлэг болохоор өвчнийхөө эцсийн шат болсон, амьдралын төгсгөл нь ирсэн хүмүүс ирдэг. Өвчтөнөөсөө юу хэрэглэж байсан, ямар  хугацаанд хэрэглэсэн эсэх гээд асуугаад байхаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр байдаг. Гэвч үүнийг нь өнөөдөр системтэйгээр судлаад, нийтэд хүргэх завтай эмч үнэндээ алга. Ингээд байхаар өнөө сүлжээний бизнесийнхэн чинь бүр даварч гүйцэж байна. 

-Биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэх зохист хэм хэмжээ гэж байдаг уу? 

-Дэлхийн хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбар нь  ийм бүтээгдэхүүнүүдийг үнэхээр тухайн хүн хүсээд байх юм бол хэрэглэх нь таны сонголт, гэхдээ ийм сөрөг нөлөөтэй  гэдгийг нэгд нэггүй тайлбарлаж өгдөг. Биологийн идэвхит бүтээгдэхүүнд хүний биед ашигтай зүйл бараг байдаггүй. Ихэнх биологийн идэвхит бүтээгдэхүүнд эфедрин ордог. Эфедрин хэрэглэсэн хүн тухайн үедээ бие нь их сэргэг болж, хөнгөрч, сэтгэл санаа нь дээшлээд ирэхээрээ энэ үнэхээр сайн юм байна гэдэгт итгэдэг. Гэвч эмчилгээний үр дүн талаас яривалшинжлэх ухаанаар батлагдсан биологийн идэвхит бүтээгдэхүүнд эфедрин байх ёсгүй. Шинжлэх ухаанаар батлагдсан нэмэлтэд олон төрлийн витаминууд В1, В6, эрдэс бодисууд байдаг. Эдгээрийг гол төлөв өдөр тутмынхаа хэрэглээнд хүнсний нэмэлт маягаар хэрэглэж байгаа. Харин судлагдаагүй янз бүрийн ургамлаар хийсэн, үйлчилгээ, үр нөлөө дагавар нь танигдаж, нотлогдоогүй үл мэдэгдэх нэмэлтийг хэрэглэхээс болгоомжлох нь зүйтэй. Жишээлбэл, Төвдийн Гималай уулаас түүж авсан ургамлаар хийсэн ч гэх шиг эргэлзээтэй сурталчилгаанаас сэрэмжлэх нь зохимжтой. 

-Биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдээ цэвэр ургамлын гаралтай, химийн гаралтай бэлдмэл байхгүй гэж сурталчилдаг? 

-Дэлхийн анагаах ухаан, шинжлэх ухааны том төвүүд бүгд биологийн идэвхит бүтээгдэхүүнийг судлаад, хэрэггүй, дэмий юм байна гэдгийг тогтоосон. Тэр ч байтугай бүтээгдэхүүнд нь ордог ургамлуудыг шинжлээд гаргачихсан. Ихэнх нь хүний биед ямар ч ашиггүй, сөрөг нөлөөтэй. Хамгийн гол нь манайхан хэрэглэж буй зүйлийнхээ орц найрлагыг харахаас илүүтэй тухайн  хүний амнаас гарах үгийг л дагадаг. Зүүн өмнөд Азийн идэх хоолгүй, ядуу улс орнуудад хүртэл хорьсон байхад манайхан хэнд найдаж, өөрсдийгөө хордуулаад яваад байгааг үнэндээ ойлгодоггүй юм. Мөн энд нэг зүйл хэлэхэд, манайх хуулиндаа “Эмч хүн өвчтөнийг эмчлэх үүрэгтэй” гэдэг шигээ “Эмч хүн шинжлэх ухааны бус мэдээллийг бусдад түгээх, анагаах ухаанаар батлагдаж нотлогдоогүй мэдээллийг өвчтөнд өгөх, зөвлөхийг хориглоно” гэсэн заалт оруулбал энэ замбараагүй байдал бага ч гэсэн цэгцрэх юм шиг санагддаг. 

-Тэгэхээр энэ хөл толгойгүй болчихсон бизнест төр засгийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй юм шиг санагдлаа? 

-Ерөөсөө л төр засаг үүнд анхаарлаа хандуулж, ажиллах хэрэгтэй. Түүнээс бус эмч сэтгүүлч хоёр олон нийтэд хүргээд энэ асуудал шийдэгдэхгүй. Сүлжээний бизнесийнхэн мөнгө их олдог болохоор хэнд ч дийлддэггүй. Уг нь  анхнаасаа ийм хар бизнесийг оруулж ирэхгүй байх бүрэн боломжтой байсан. Хэдэн шинжлэх ухааны хүмүүс, эрүүл мэндийн салбарынхан, шийдвэр гаргах түвшний төлөөллүүд оролцоод энэ бүтээгдэхүүний талаарх мэдээ мэдээллийг цуглуулаад, дэлхийн хөгжилтэй орнуудын хандлагыг ажиглаад ерөөсөө дэмий юм байна гээд л хориглочихсон бол өнөөдөр хүмүүс эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Одоохондоо ч яахав, биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг зарим хүмүүс биеэ муутгаад ирж байгаа ч хэдэн жилийн дараа энэ тоо хэд болох бол гэхээс үнэхээр айдастай. Тэгэхэд үүнийг шинжлэх лаборатори байхгүй гэдэг үгээр халхавчлан дэмжиж, ямар ч хараа хяналтгүй хэрэглэгчдэд хүрсээр байгаа нь хамгийн аймшигтай. Үүнд төр засгийн санаачилга дутаж байна, ард иргэддээ хандах хандлага, хайр сэтгэл л  үгүйлэгдэж байна. Уг нь бол Эрүүл мэндийн яам нэг сарынхаа ажил болгоод л хийчих хэрэгтэй. ЭМЯ толгойлоод, Засгийн газар үүрэг өгөөд, эмч, хэрэглэгчдээсээ асуугаад дор бүрнээ мэдээ мэдээллээ нэгтгээд хийчих зүйлийг өнөөдөр хүртэл хийхгүй, ард түмнээ хохироогоод, өнөө хэд нь хэдэн төгрөгөө нийлүүлж нэг луйварчинд аваачиж өгөөд байдгаа болих хэрэгтэй. “Herbalife” бол бизнесийн талаасаа ч дэлхийд хориотой,  эрүүл мэндийн талаасаа ч хориглосон бүтээгдэхүүн. 

Ер нь сүлжээний бизнес гэдэг бол маш нарийн зохион байгуулалттай үргэлж хар юм хийж явдаг. Сүүлийн үед Хятадад эмч нар бизнесийн халдлага гээч зүйлд өртөх болсон байна. Эмч нарыг сүлжээнийхэн эгнээндээ элсүүлдэг, эмч нар нь өнөө сүлжээний эмийг өвчтөндөө бичиж өгдөг,зөвлөдөг юм байна. Өвчтөн сүлжээний бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирохоороо эмчдээ гомддог. Өвчтөн бол буруу эмчилгээ бичиж өгсөн эмчдээ гомдох нь мэдээж. Гэтэл цаана нь өнөө сүлжээний бизнесийнхэн цэвэрхэн үлддэг. Жишээлбэл, Хятад Улсад бизнесийн халдлагад өртөхөөс сэрэмжилж, эмч нартаа анхааруулга өгч эхэлсэн байна. Тэгэхээр энэ бизнесийн халдлагад манай эмч нар ч өртөх магадлал өндөр болоод байх шиг. Сүлжээний бизнесийнхэн чинь аюултай. Ийм бүтээгдэхүүнээ өвчтөндөө бичиж өгч байгаач, арван хувийг нь өгнө, шагнана, гадаад явуулна гэж орж ирдэг. Арван эмчийн тав нь татгалзлаа гэхэд тав нь мөнгийг нь бодоод зөвшөөрдөг. Иймд эртхэн зогсоох хэрэгтэй байна. 

-1960-1970-аад онд Америкт биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүсийн хор нөлөө нь одоо гарч байгаа байх. Манайд ч гэсэн сүүлийн үед онош тогтоогдохгүй өвчин  олширсон нь үүнтэй холбоотой байж болох уу? 

-Ямар ч туршилтаар батлагдаж нотлогдоогүй бүтээгдэхүүн хэрэглэсний гор өнөөдөр гарч байгаа нь энэ олон өвчин гэж хэлж болно. Онош нь олдохгүй, шалтгаан нь тодорхойгүй, учир нь олдохгүй өвчлөл олширсон,тэр ч байтугай биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн эмчилгээ авахдаа хүртэл өөр байдаг. Гэвч өнөөдөр анагаах ухаан биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглээдөвчилсөн хүмүүст ямар эмчилгээ хийх аргаа олоогүй байна шүү дээ. 

-Гэхдээ тэд их сурмаг бултдаг. Энэ бол эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж тайлбарладаг. Гэсэн мөртлөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрүүлжинэ, залуужна гэдэг? 

-Өөрсдийнх нь ярьж хэлж байгаагаас илүүтэй, шинжлэх ухааны ямар том төв, баталгаатай институт судалж шинжлээд ямар дүгнэлт гаргасныг нь олоод харчих хэрэгтэй. Шинжлэх ухааны дүгнэлт бол хэн нэгний хувийн лабортари биш шүү дээ. Дэлхийн тэргүүлэх зэргийн том том институтууд олон жилийн турш судлаад ямар бүтээгдэхүүн нь аль эрхтэнд сөрөг нөлөөтэйг нэг бүрчлэн батлаад гаргачихсан байгаа. Тэд хэнээс ч хамааралтай ажилладаггүй, бас ямар дүгнэлт гаргах гэж буйгаа бусадтайгаа тохиролцдоггүй учраас тэдний гаргасан дүгнэлт хамгийн шударга үнэн дүгнэлт байдаг. Зарим улсад бол шинжлэх ухаанаар хортой нөлөөтэй гэдгийг нь баталчихсан гэдэг мэдээллийг ард түмэндээ маш сайн өгдөг. Харин манайхан болохоор тэр дүгнэлтүүдийг нь мэдэж байгаач юмуу үгүй ч юмуу, нууцалдаг ч юмуу бүү мэд. 

-Тэгэхээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүний найрлагад ордог ургамлуудаас ихэнх нь судлагдаагүй гэсэн үг үү? 

-Шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юу ч байхгүй. Аливаа шинжлэх ухааны нотолгоо 5-10 институтийн хоорондоо хамааралгүйгээр гаргасан дүгнэлтээр баталгааждаг. Тэр байтугай Америк болон хөгжилтэй орнууд Хятадад хийсэн зарим шинжилгээ дүгнэлтийгшинжлэх ухааны этик ёс зүйгүй гээд шинжлэх ухааны том том хүлээн зөвшөөрөгддөг сэтгүүлүүд нийтлэхээс татгалздаг. Яагаад гэвэл хүмүүс болон шинжлэх ухааны ерөнхий ёс зүй нь төлөвшөөгүй гээд дахиж өөр өөр институудээр шалгуулж байж  хүлээн зөвшөөрдөг. 

-Өөрсдөө бүтээгдэхүүнээ “Нобель”-ийн шагналтай гэж хэлдэг? 

-Нобелийн шагнал хэзээ ч ийм юманд өгдөггүй. Нобелийн шагналынхаа утга учрыг ч мэдэхгүй л хүмүүс байна шүү дээ. Энэ шагнал чинь шинжлэх ухаанд нээлт ололт хийсэн бүтээлд олгодог. Нобелийн түүхэнд Шведийн эрдэмтэн Жэймс Блэк, Гертруда Элион, Жорж Хитчингс нар бета-рецепторыг хориг болгох propranolol  эмийг анх удаа шинээр нээж, эмчилгээнд нэвтрүүлснийхээ төлөө 1988 онд Нобелийн шагнал хүртэж байсан түүхтэй. Үүнээс өөрөөр эмийн салбарт Нобелийн шагнал авч байсан түүх байхгүй. 

-Эд эсийн түвшинд эмчилдэг гэж ярьдаг. Үнэхээр биологийн идэвхит бүтээгдэхүүн эсийн түвшинд хүрч үйлчлэх боломжтой юу? 

-Эд эс байтугай дархлааг маш сайн дэмжинэ гэх мэтээр сурталчилдаг. Үнэхээр тэгж үйлчилдэг байсан юм бол энэ олон өвчтөнүүд яагаад эмнэлгээр дүүрэн байгаа юм бэ. Ханиад томуунаас авахуулаад бөөр, зүрх нь өвдөөд байгаа хүмүүс чинь дархлааны түвшинд үйлчилдэг юм бол, бүгдээрээ эрүүл саруул байх ёстой биз дээ. Эд эсийн түвшинд хүрч үйлчилдэг гэдэг яриа бол зөвхөн сүлжээний бизнесийнхний яриа. Хүмүүсийн сэтгэхүйд тааруулж ярьдаг яриа нь. Гэтэл бидний амаараа идэж ууж байгаа бүх зүйлс эд эсийн түвшинд хүрч, эд эсээ тэжээдэг. Хамгийн гол нь эд эсийн түвшинд хүрч, эрүүлжүүлнэ, залуужуулна гээд байхаар хүнд их сонсголонтой сонсогддог. Сэргээшийн төрлийн бодисуудыг анагаах ухаанд хориглодог. Энэ нь яваандаа хүнийг дасамтгай болгодог. Нэг үгээр хэлбэл донтуулдаг. Ер нь яваандаа эд эрхтэнд дайсагнасан үйлчилгээ үзүүлдэг. Анагаах ухаанд эфедриний төрлийн эм тариаг тодорхой өвчтэй хүнд товлолын дагуу хийх заалттай. 

Хорт хавдрын үед өвчин намдаах, сэтгэл гутрал, депрессийн үед сэтгэл санааг тайван болгох гэх мэт заалт бий. Түүнээс биш сүлжээний бизнесийнхэн шиг өдөр болгон хэрэглэх нь хатуу хориотой. Ер нь биологийн идэвхит бүтээгдэхүүнд эфедрин их ордог. Эфедринытөрлийн бодисуудыг хийж, хүмүүсийн сэтгэлзүй дээр маш чадмаг тоглодог. Хоёрдугаарт, энэ сүлжээний бизнесийнхэн итгүүлэх, сэнхрүүлэх аргыг мундаг хэрэглэдэг. Эмч өвчтөний харилцаа итгэл дээр явагддаг. Гэтэл сүлжээний бизнесийнхэн эмч нараас  илүүтэй уран ухаан гаргадаг. Ингэхийн хэрээр тэд хүмүүсийг элсүүлж, мөнгийг нь авдаг болохоор сэтгэл зүй дээр маш сайн тоглож чадаж байна. Иймд энэ бизнесээс бушуухан салж, ард иргэдээ хортой бүтээгдэхүүнд хордож дуусахаас өмнө цэгцлэх ёстой. 

-Эмч нар нэгдээд биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хориглох  талаар холбогдох байгууллагуудад ямар нэгэн хүсэлт санал гаргаж байсан уу? 

-Хэн ч санаачилга гаргаж байгаагүй, байлаа гээд үүний төлөө явж байх завтай эмч алга. Ингээд барьж авах эзэн байхгүй, заргалдаж байгаа хохирогч байхгүй учраас тэдэнд боломж олгоод л байна. Үнэхээр эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн юм бол яагаад Израиль, Исланд, Аргентин, Швед гээд олон орон хориглосныг л эхлээд судлах хэрэгтэй. Wikipedia-д бичсэнээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хийдэг ажилчид нь “Энэ бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй зүйл гэж юу ч байхгүй” гэж хэлсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Дэлхийн Элэг судлалын төвөөс гаргадаг “Hepatology” сэтгүүлийн 2013 оны 7 дугаар сарын дугаарт “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр элэгний өөрчлөлтүүд, элэгний цочмог эмгэг үүсгэж, бодисын солилцоонд өөрчлөлт гарч байгааг баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл гарсан байна. Тэгэхээр энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс бол архи, тамхи зарж байгаа хүмүүсээс дор хар бохир бизнес хийж байна. Архийг хүн хортой гэдгийг мэдсээр байгаа хэрнээ хэрэглэдэг бол “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг сайн гэж хууртаж аваад аажмаар хордоод эрүүл мэндээ алдаж байна. 

-БАД хэрэглэсэн хүмүүсийг эмчлэхэд эмчилгээ авдаггүй гэж эмч нар ярих юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ? 

-Удаан хугацаанд хортой бүтээгдэхүүн хэрэглэхээр хүний бие яаж эрүүл байх билээ дээ. Эмч хүн вирусын гаралтай өвчнөө мэднэ, архинаас хордсон элэг, зүрхээ мэднэ. Гэтэл БАД хэрэглээд өвчилсөн хүнийг эмчлэх арга байхгүй, ямар хогийн ургамал идсэнийг нь бид мэдэхгүй байна шүү дээ. БАД идэж элэгний дутагдалд орсон, элэг нь өвчилсөн хүмүүс зөндөө бий. Тэгээд онош тодрохгүй, эмчилгээ таарахгүй эцсийн эцэст үхлийг л сонгож байна. Иймд энэ хар бизнесийг хийж буй хүмүүс хэзээ нэгэн цагт бурханы гэсгээл хүртэх байлгүй дээ.