Манай улсад барилгын ажил улирлын чанартай хийгддэг гэдгийг хүн бүхэн мэддэг. Өвлийн хүйтнээс урьтаж ажлаа гүйцэтгэж, төлөвлөгөө нормоо Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтарч ажилладаг. Гэтэл тус газарт энэ зун шинээр томилогдон ирсэн хэсэг нөхдүүд барилгын компанийнханд хүнд суртал үзүүлж, хотын ажлыг гацааж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, барилгынхаа зөвшөөрлийг авах гэж хот байгуулалт, хөгжлийн газрын даргын ажлын үүдэнд өдөр бүр маш урт, оочер дараалал үүсгэдэг болжээ. Нэг өгсөн хүсэлтийн хариуг бүтэн хоёр, гурван сараар өгөхгүйгээр ажлыг нь уяж байгаа гэв. Тухайлбал, өнөөдөр комиссоор орсон барилгын дүгнэлтийг 14 хоногийн дараа гаргаж өгдөг байна. Уг дүгнэлтийг комисс ажилласан даруйд буюу маргааш нь гаргаж өгөх ёстой байдаг аж. Асуухаар нарийн бичиг рүүгээ түлхдэг бөгөөд ганцхан хоногийн дотор гарын үсгээ цуглуулах хугацааг олгодог байна. Ингээд арайхийж гуйж байж хугацааг нь сунгуулаад холбогдох бүхий л гарын үсгээ зуруулж бэлэн болгодог. Ийнхүү эргэж очоод тамга даруулах гэж дахин 10-14 хоногийг зарцуулдаг болсон гэдгээ эх сурвалж учирлалаа. 

Эцсийн байдлаар материалаа бүрдүүлээд хот байгуулалт, хөгжлийн газрын нэр бүхий даргад өгөхөд гарын үсгээ зурж өгөхгүй луу унждаг байдал нь хэрээс хэтэрчээ. Ингээд өнөөх акт үйлдэж өгөхгүй байсан байдал руугаа эргэн очдог аж. Тэрбээр гарын үсэг зурахгүй байгаа шалтгаанаа учир бүдүүлгээр илэрхийлдэг байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, хот төлөвлөлтийн газрын зарим нэг нэр бүхий дарга нар хүнд суртал гаргаж, тодорхой бус шалтаг хэлж, ажил явуулахад нь ихээхэн хүндрэл үүсгэж, ил, далд авилга нэхэх болсон гэдгийг онцлон хэлэв. Энэхүү нэр бүхий хүмүүсийн хүнд суртлаас үүдэж маш олон барилгын компаниудын ажил уягдаж байгаа учраас жагсаал цуглаан хийхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.

Тэр бүү хэл хуулийнхаа дагуу баригдаж дуусаад хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болчихсон  сургууль, цэцэрлэг хүртэл нээгдэж, үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Улсын комисс хүлээж авдаг дарга нар болон бусад холбогдох хүмүүс нь гарын үсгээ зурж өгөхгүй байгаагаас үүдэлтэй аж. 

Уг нь хотын дарга С.Амарсайхан их хотынхоо сайн сайхан болгохын төлөө өөрөө гудамжаар гүйж, үер усны асуудлаас эхлээд түлшний асуудлыг хүртэл шалгаж яваа. Гэтэл түүний дор ажиллаж байгаа нөхдүүд нэр хүндийг чинь шороотой хутгасаар байх уу? Хотын дарга аа!!!

Дараах бичлэг нь өнөө өглөө хот байгуулалт, хөгжлийн газрын нэр бүхий даргын үүдэнд оочерлож орж байгаа иргэдийн төрх. Уг бичлэгт зөвхөн түүний өрөөний үүдэнд дугаарлан зогсоо хүмүүс харагдаж байна. Гадаа нь өчнөөн хүмүүс оочер дараалал үүсгэн зогсож байсан юм.