Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлах саналыг АТГ-аас Интерполд хүргүүлжээ. Учир нь иргэн Ч.Сайханбилэг  гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хилээр гарсан ч ирэх ёсой хугацаагаа хэд хэдэн удаа хойшлуулсан нь ийнхүү эрэн сурвалжлах үндэслэл болсон байна. 

Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд асан С.Баяр,  Сангийн сайд асан С.Баярцогт нарын хамт  яллагдагчаар эрүүгийн хэрэгт татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсын хил гарсан. Тэрбээр өнгөрсөн сард өмгөөлөгчөөрөө дамжуулж хилийн хоригоо цуцлуулах хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг нь хүлээж авсан юм. Гэвч түүнийг ирэх хугацаа  хэд хэдэн удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр ийнхүү интерполоор эрэн сурвалжлахаар болжээ. 

Одоогоор Интерполын албан ёсны сайтаар түүнийг эрэн сурвалжилж  эхлээгүй байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.