-Дундаж давхарыг татварын аргаар үгүй хийж байна-

2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  “Улсын данс улайсан ч аливаа татварыг нэмэхгүй” хэмээн ард түмэндээ хэлж уриа лоозон хүртэл гаргаж байв. Гэтэл МАН-ынхан хэлсэн амнаасаа буцаж ард түмнээ татвараар дарамталж эхэллээ. Мэдээж тэд элдэв янзын татвар нэмэх болсон шалтгаанаа “Дэлхийн жишигт тааруулж байна. Бид одоо дэлхийн жишгийг дагах болсон” хэмээн тайлбарлаж буй ч манай улсад энэхүү дэлхийн жишиг нь бодит амьдрал дээр огт нийцэхгүй гэдгийг хэн хүнгүй мэдэж буй билээ.

Ямартай ч ард түмнээ хууран мэхэлж төрийн эрхийг атгасан МАН 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ямар татвар, хэдий хэмжээгээр нэмэгдүүлснийг хүргэе. МАН-ын Засгийн газар эхлээд бусдад буруугаа чихэж, хүний гараар могой бариулсан. Тодруулбал, улсын эдийн засаг муу байна, данс хоосон байна гэсээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатайг дуулгасан. Ингэхийн тулд 7 төрлийн татвар нэмэгдүүлэх ёстой хэмээн иргэдийг буулгаж авсан.

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхлэв. Өмнө нь 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авдаг байсныг 2017 оны тавдугаар сарын 1-нээс босгогүй болгосон. Ингэснээр бүх төрлийн хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах болов.

Суудлын автомашины албан татварыг 2017 оны тавдугаар сарын 1-нээс тухайн машины моторын багтаамж, насжилт зэргээс хамаарч 3-15 хувиар нэмсэн.  

2017 оны тавдугаар сарын 1-нээс импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувь болгон өсгөсөн бол долоодугаар сарын 1-нээс шатахууны онцгой албан татварыг 2016 оны түвшинд хүргэн нэмэгдүүлж, дахин 10 дугаар сараас нь нэмсэн.

Мөн тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлсэн.

Түүнчлэн чинээлэг дундаж давхарга гэж тэнхээгээрээ сурталчилдаг МАН-ынхан хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож, олсных нь хэмжээнээс шалтгаалан өндөр татвар авах болсон. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс сарын 1.5 сая хүртэл төгөрийн орлоготой иргэд 10 хувь, 1.5 саяас дээш бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөх болсон.

Олсон орлогоос нь бага, багаар авдаг тэд НДШ-ийг мөн л шатлалтайгаар нэмэгдүүлсэн. Өмнө нь ажилтан 10, ажил олгогч аль аль нь 10 хувь төлдөг байсныг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр 11 хувь болгон нэмсэн. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин 0.5 хувиар нэмсэн бол дахиад ирэх оны эхний өдрөөс нэмэгдүүлэхээр болж байгаа.

Түүнчлэн МАН-ынхны “гаргаж ирсэн” нэг шинэ төрлийн татвар нь газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхтэй холбоотой. Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдаж, шилжүүлсэн бол 10 хувийн татвар авч эхэлсэн.

Дараагийн дарамт нь Ашигт малтмалын лицензийн татвар. Тэд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн лицензээ гуравдагч этгээдэд худалдах, эсвэл шилжүүлэхэд 10 хувийн татвар авахаар болгосон билээ.

УИХ, Засгийн газартай зэрэгцэн Нийслэлийхэн  ч авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 5.7 дахин нэмэгдүүлэхээр болсон. Энэ нь 10-60 мянган төгрөг төлж байсан иргэд 100-300 мянган төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Ийм шийдвэр гаргасан нь МАН түүхэн ойнхоо өмнө улстөрийн тавцангаас арчигдах үйл явцыг түргэтгэлээ гэсэн үг.

Тэд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож, өрсөлдөхдөө “татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэж амлан, мөрийн хөтөлбөртөө ч тусгаж байсан удаатай

Сайхан ирээдүй амлаж, үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан өнөөдөр “би үхэхээр, чи үх” гэсэн шиг иргэдийн амьдралыг улам бүр нухчин дарж, чинээлэг дундаж давхаргыг бий болгох бус өөрсдөө баян, өрөөлийг ядуугийн жагсаалт руу түлхэж эхэллээ. Тэд ингэж л иргэдийн халааснаас хуулийн нэрээр хумсалж, цаад утгаараа дундаж давхаргаа татаж унагаах бодлого хэрэгжүүлж байна.

Хэдийгээр улсын төсвийг бүрдүүлэхэд татварын орлого чухал ч гэлээ иргэдийн халаас, түрийвчнээс хэт их татаас авч эхлэвэл тэр хэрээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, чанаргүй зээл л нэмэгдэнэ гэдгийг тэд мэдсэн ч хайр найргүй ард түмнээ татвар нэрээр цөлмөж ирэх оны сонгуулийн мөнгөө хийхээр ичих нүүрээ элгэндээ нааж эргэж буцахгүйгаар ийнхүү шийдвэрээ гаргачихлаа. Тиймээс ард түмэн бид бүсээ чангалаад тэвчих л үлдлээ дээ.

Б.Отгонзаяа

www.Erennews.mn