ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи дипломат машинаар тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурлын хоёр дахь хэлэлцүүлэг энэ сарын 09-нд болох тов гарчээ.

Шүүх хурлын эхний хэлэлцүүлэг Дрезден хотын тойргийн шүүхэд арван нэгдүгээр сарын 18-ны өдөр эхэлсэн юм. Шүүх хуралдааны үеэр хэрэгт холбогдогч Б.Баттүшиг “Би тагнуулын ажилтан, Тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн талаар "Bild" сэтгүүл мэдээлж байсан юм.

Хэргийг сануулахад, энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарийг Дрезден хотын цагдаагийн газар цагдан хорьсон.  Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болсон аж.