Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснийг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан билээ. Тэгвэл өчигдөр Бурхан багшийн дүйчин өдрөөр бүх нийтээрээ амрах хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт  төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм..

УИХ-ын гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхаарууав. Иймд асуудлыг өргөн хүрээнд харж, нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь нь дэмжив. Иймд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.