Одон орон зурхай судлаач Д.Жавхлантай ярилцлаа.

 

-Одон орон зурхай маш эртнээс үүсэлтэй. Одон орон зурхайн салбараа хаяж болохгүй, их чухал салбар. 4,6 тэрбум настай манай гариг дээр хүн, амьтан ургамал гээд гурван амьтай зүйл бий. Одон орны зурхай нь хүн, амьтан, ургамалд нар сар, од гариг эрхэс хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдгийг судалдаг юм. Одон оронг хоёр хуваана. Нэг нь астрономи гэдэг салбар. Асторноми физик талд нь судална. Хүндийн жин, бүтэц, хэр хол орших вэ гэхчлэн...Астрологи буюу одон орон зурхай  амьд биетэд хэрхэн нөлөөлөх вэ гэж судална. Нэг нь физик, нөгөө нь нөлөөлөл. Маш эртний салбар, энэ салбарыг аль нэг улс өмчлөх боломжгүй. Дэлхийн одон орончдын үзэж байгаагаар одон орны зурхай Энэтхэгээс гаралтай, эртний Ведийн зурхайгаас эхлэлтэй гэж үздэг. Энэтхэгүүд нэг газраас сурсан байж таараа, монголчуудаас ч байж болно шүү дээ. Нэг хэсэг алга болж байгаад Хумхын эрин рүү ороод салбар эргээд сэргэж, хүн төрөлхтний сонирхлыг татаж байгаа. Хумхын эрин гээд яривал бүр тусдаа ярина л даа. Шинжлэх ухааны эрин, одон орон зурхайн эрин лүү бас орж байгаа. Одон орон зурхай гэдэг нүдэнд харагдаж байгаа нар сар, шинжлэх ухаан тал нь бодит. Нэг эрин 2000 настай.

 

 

 

Одон орон зурхай Монголын эзэнт гүрний үед ч байсан. Хамгийн агуу ажиглалтын одон оронч Үлэгбэх 1393 онд төрсөн, доголон Төмөр хааны ач хүү байна. Манайд 17 дугаар зуунаас шарын шашин хүчтэй дэлгэрээд, төвдийн лит ороод ирсэн. Одоо ч төвдийн литийг барьж байгаа. Одон орон бол гариг эрхэс л юм байгаа юм.

 

 

 

Одон орон зурхайн судлалаа хөгжүүлэх хэрэгтэй. Одон орон зурхай бол зурхайн дотроо хаан салбар нь гэж явдаг. “Astrology king subject” гэдэг. Хүний төрсөн жил асуухаасаа илүүтэй төрсөн сар өдөр, цаг минут гэж явдаг. Илүү дөхөм, илүү нарийвчилж үзнэ гэсэн үг.

 

-Одон орны зурхайн судлалын талаар Монгол хэл дээр ном, эх сурвалж ер нь байдаг юм уу?

 

-Манайд одон орон зурхайн талын ном байхгүй. Номын сангуудаар яваад үзэхээр байдаггүй. Нар нь тийм, сар нь тийм гээд бүр нарийн задалсан ном байхгүй. Би номын сангуудаар явж үзлээ. Том гүрнүүдэд бол ханаар дүүрэн байдаг. Би Англид удаан амьдарсан, номын санд Астрологийн ном дүүрэн. Гэтэл манай Монголд нэг ширхэг ч нарийвчилж, задалж бичсэн ном байхгүй. Төвдийн лит, шар зурхай бий, харин одон орны зурхайн талын ном байхгүй. Астрономийн салбар манайд нэлээн хөгжсөн. Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн, Жуковын хойно төв нь бий. Одон орон талын ном бий, астрологийн ном л байхгүй, хаягдсан. Одон орон зурхай, нөгөө тал нь бүр уначихаад байна. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Одон орон зурхай хүн амьтан ургамалд нөлөөлнө, өвөл ургамал алга болж байна. Бүтэн сар гараад ирэхээр нохой сар луу хуцдаг.  Энэ 12 орд хүний янз янзын хэсгүүдийг удирддаг. Нэг нь мөнгө санхүү, нөгөө ах дүүс, гэр бүл, хайр дурлал, эрүүл мэнд, албан тушаал, холын аялал ч байдаг юм уу, удирддаг. Хана нь тухайн жилд явж байгаа нар сарны хиртэлтүүд. Тэр үүд хаалгыг нь нээчихэж байгаа гэсэн үг л дээ. Нохойд ч ялгаагүй нөлөөлнө. Би овчарктай болохоор сайн мэднэ. Астрологи бол энэ дэлхийн хүн төрөлхтний мэдлэг, аль нэг улс өмчлөх боломжгүй.

 

-Та 2016 оны сонгуулийн дүнг урьдчилан зөв хэлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялна гэж байсан, таны хэлснээр болсон.

 

 -Сүүлийн хэдэн сар нэлээн судалгаа хийлээ. Би 2015 оны сүүлчээр “Ютүб”-ээр одон орны талаар бичлэг хийж эхэлсэн. 2016 оны сонгуулийн дүнг дөрөвдүгээр сарын 21-нд оруулсан. Сонгуулиас хоёр сарын өмнө МАН илүү олонхи болно гэж байсан, миний зурснаар болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө судлаад үзэхээр Х.Баттулга гарна гэсэн. Одоо гурав дахь сонгууль. Энэ бол бас нэг шалгуур.

 

 

 

Монголд байгаа зурхайчид зоригтой ил гараад, тайлагнаж байх ёстой. Бусад улс орон, гүрнүүдийг харж байхад одон орны зурхайчид өөрсдөө сонин хэвлэлээр аливаа нэг сонгуульд хэн ялах талаар байр сууриа илэрхийлдэг. Манайд сүүлийн 30 жил цагаан сараар л хэсэг хүмүүс үлгэр домог ярьдаг болохоос сонгуулийн талаар юу ч ярьдаггүй. Буруу хэлчихвэл яанаа гэсэн айдастай байдаг юм шиг билээ. Хүн алдаж болно, зурхайчид зоригтой болох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй байна гэдэг тэр хүн мэдэхгүй байгаагийн л  шинж.

 

 

 

Бид сүүлийн 30 жилд зурхайн салбарт байгаа хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй байгаа юм. Тэдний мэдлэгийн түвшинг шалгах хэрэгтэй. Цагаан сараар л зурхайчид гардаг, үнэн худлыг мэдэхгүй. Дадал болчихсон, цагаан сараар гарч ирдэг, энэ хүн мэдэх ёстой гэдэг.   

 

-УИХ-ын 2020 оны  сонгуульд ямар нам ялах бол?

 

-Миний судалгааны дүн гарчихсан, судалгаандаа, өөртөө итгэлтэй байгаа. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН ялна.  Өөр шарын зурхай, төвдийн лит байдаг юм уу, тэд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Энэ салбар маань хөгжих хэрэгтэй байна. Би нам бус хүн. Одон орон зурхайн судлалаа хөгжүүлэхээр зорьж байна. Тэнд шар зурхай, төвд лит нь ч байж байг, нэгнээсээ суралцахад амар. Зогсож болохгүй, хөгжиж байх ёстой. Ядаж астрологийн ганц номтой, багштай болмоор байна, одон орон зурхайн их сургуулийн нэг ангитай болмоор байна.

 

 

 

Бусад улсуудаас хоцорч болохгүй. Энийг мэддэг хүн хийхгүй бол хамаагүй хүн хийж болохгүй. Анагаахын мэдлэггүй, хэлтэй хүн зүрхний мэс заслын ном орчуулбал аймаар юм болно. Яг астрологи бол нарийн шинжлэх ухаан шаардсан салбар.

 

 

 

-Та хэзээнээс энэ салбарыг сонирхон судлах болов?

 

- Би 2010 оноос одон орон зурхайг судлаад, гүнзгий судалгаа хийгээд явж байгаа.  10 жилд сурч байхад долдугаар ангид темперамент заасан. Дөрвөн темперамент заалгахад их сонирхолтой, залгуулаад сонирхоод орос хэлээр олж уншдаг байсан. Би Орос 3 дугаар сургуульд долдугаар анги хүртлээ сурсан. Зурхайн 12 ордын шинжийг хараад ангийнхаа хүүхдүүдийг ямар ордод төрсныг өдрөөр бодож, нийтлэг шинжийг нь судалдаг байсан. Багаасаа зурхай одон оронд сонирхолтой. Монголд 2013 онд ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийг нэлээн хэдэн сар судаллаа.

 

 

Намууд өөр өөр төрсөн өдөртэй. Жишээ нь: МАН 3 сарын 1-нд тэмдэглэдэг. Намын лидерүүдийн төрсөн өдрийг харна. МАН-аас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, генсек, хотын дарга, Шинэ нам Ж.Батзандан, Л.Болд, АН-аас С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Энхболд МАХН гэхэд Н.Энхбаяр, С.Ганбаатар гээд удирдлагуудын төрсөн өдрийг харж, нөлөө бүхий хүмүүсийг хамруулан судаллаа.

 

 

Судалгааны үр дүнд 2020 оны сонгуулиар МАН ялна гэж гараад байгаа.  Энэ миний кредит. Гэхдээ МАН 2016 оных шиг 65 суудал авахгүй, гэхдээ ялна. Би өөрийн хийсэн судалгаандаа итгэлтэй байна. Манай өвөө зоосоор мэргэлдэг хүн байсан. Одон орон зурхайч хүн, судлаач хүн хоёрын ялгаа гэж байдаггүй. Судлаач хүн судлаад бүгд аргачилалыг нь мэднэ. Зурхайч хүн судлаад л явна. Ялгаа хоорондоо байхгүй юм. Мөн аавын талд үздэг хүмүүс байсан.

 

-Мөнгө төлж засал ном хийлгэлээ гэдэг. Та засал хийдэг үү?

 

 -Засал гэж одон орон зурхайд байдаггүй. Хэн нэгэнд хийж үзээгүй, боломжгүй. Эзэнт гүрний үед Монголын нууц товчоонд мөр гаргах гэсэн үг байхгүй. Бурхан Халдунд очиж залбирлаа гэдэг, гараг ертөнц, нар байгальдаа ёсолж байна.  Гэрээсээ гараад маань мэгзэм уншаад цаас шатааж яваагүй. Өглөө ууланд гараад нарандаа ёсолчиход болно. Засал улирал хамаарахгүй, Гандангийн замын хоёр талд, 7 буудал, Баянхошуунд, захуудад хүртэл байна. Энийг ярихаар нэг бодлын эмзэг сэдэв. Тэр хүмүүс хоолоо олж идэж байна, гэтэл нэг залуу гарч ирээд үгүйсгэх хэцүү. Гэхдээ хувь хүний эрх ашиг уу, монголчуудын эрх ашиг уу. Бид Америк, Кувейт, Саудын Араб шиг бол тэнд хүмүүс хэдэн төгрөгөөр заслаа хийлгэнэ, хамаа алга. Үхээрийн бузар, сүнс нь зайлчихсан, тэдэн төгрөгөөр засал хийлгэхгүй бол болохгүй гэж тулгадаг. Айлгаж дарамталж байгаа хэрэг. Хүнээ харж байгаад мөнгөө хэлдэг. Надад мессенжерээр хүмүүс ханддаг. Ажил явдал гараад хүнээ алдчихсан, оршуулгын зардал буяны ажил гээд хамгаа шавхсан хүнээс засал хийлгэхгүй бол ахиад хүнээ алдана гэж мөнгө нэхсэн үзмэрч байдаг. Үнэхээр тийм юм байдаг юм уу. Надад бол харь гаригийн юм шиг сонсогдсон. Хүнд эерэг сайхан үг хэлээд гаргахад нөгөө хүн бодлын эрчим хүчээрээ ч гэдэг юм уу, сайныг татах боломжтой. Үзэж байна гээд хүн өмнөө суулгачихаад сэтгэл санаагаар унагааж зовоон байж засал хийж болохгүй. Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Ядарсан хүмүүсийг өвчин зовлон дээр нь дөрөөлж, сүнс нь явчихсан байна гээд мөнгө авч засал хийдэг. Би эсрэг байр суурьтай байдаг. Харин сайн үйл хийх хэрэгтэй, ядарсан хүнд тус болж, хооллож хувцаслах зэрэг сайн үйл хийх зүгээр. Засал хийх шаардлагатай гээд зүгээр явж байгаа хүнийг айлгаад л.

 

-Та цагаан сараар Цагаан даваа, Улаанчулуутын хогийн цэгт очиж хүн хооллодог юм билээ.

 

-Одон орон зурхайд нар сар гараг ертөнц надтай надгүй хөдлөөд явна. Би хурдан удаан хөдөлгөх боломжгүй, телевиз шиг удирдлагаар удирдах, ухраах зогсоох боломжгүй. Гаригс хөдлөөд явж байгаа, би зогсоох, хурдлуулах, удаашруулах боломжгүй. Хүн сансар ертөнцийн хажууд хумхийн тоос. Сэтгэлзүйн засал бий. Хүн юу бодно, тэрийгээ татдаг, бодлын эрчим хүч гэж бий. Бодлын эрчим хүч маш хүчтэй, хүн болж өгвөл эерэг байвал зүгээр. Шашин хоосон чанар дээр суурилж байгаа. Өөрсдөө Лексус 570 унахаар ямар үлгэр дууриал өгөх вэ. Шашин хэрэгтэй, хүмүүсээс мөнгө авч ном уншсан бол тэр мөнгөө эргээд нийгмийн эмзэг хэсэгтээ зориулмаар байна. МУ-ын шашны төв байгууллагаас нийгэмд тустай ажил хийж, гэр хороололд байшин баривал том буян болно. Болж өгвөл тэр мөнгөө буяны үйлд зориулах ёстой юм.

 

Шашны байгууллагыг хөгжүүлмээр байна. Өнгөрсөн жил хогийн цэгт очиж хүмүүс хооллосон. Найз нөхдөөрөө нийлээд гурван 40-ийн бидон цуйван хийгээд хүмүүст өгсөн. Тэр том буян, сайн эрчим хүч үүсгэнэ. Асрамжийн хүүхдүүд, халамжийн төвийн настай хүмүүсийг эргэж бай. Тэр хамгийн том засал болно.

 

 

Хүн баярлаж байна, инээж байна, бодит сайн эрчим хүч үүсэж байна. Сүүлийн 30 жил мөр гаргалаа, засал хийлгэлээ, чулуу овоо тахилаа, колончлогдчихсон төвдийн адил маани мэгзэм хангалттай уншлаа, тэгээд байж байгаа бодит байдлаа харцгаая л даа. Бид нар шинжлэх ухаанч 21-р зуунд амьдарч байгаа шүү. Танин мэдэхүйн салбаруудаа хөгжүүлж иргэдээ эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй болгох ёстой байна. Энэ бол бид нарын итгэлээ өгч илгээсэн төрийн түшээд нарын хийх ёстой үүрэг нь юм. Тэрнээс биш бид 21-р зуунд бурханаас аврал мянга гуйгаад ч аврагдахгүй юм. Бүгдээрээ элэг бүтэн, аз жаргалтай, нүдэндээ галтай, цогтой жинхэнэ мөнх тэнгэртэнгүүд шиг амьдарцгаая л даа. Тэд нараас юу дутаж байна вэ гэвэл эв найрамдал, сэтгэл, зориг л дутаж байна. Ядаж л зарим улстөрчид нь сүүлийн вариант руугаа ороод бурхнаас тусламж гуйгаад урдуур, өмнүүр гүйгээд байдаг болсон. Монголчууд ойлгоноо, биднийг даатгаад явж байна гэж. Харин гадныхан гайхна.

 

-Та цахим хуудастаа 2019 оны зурхайг гаргасан нь үнэнд ойр санагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг сонирхож үзэв үү?

 

-Монгол улсын 2019 оны зурхайг нь 2019 он дөнгөж гаргаад фэйсбүүк дээрээ оруулсан байгаа. Банк санхүүгийн асуудал, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Доналд Трампын "Impeachment", ихрийн ордонд төрсөн төрийн эрхэмүүд зэргийн талаар бичсэн байгаа. 2021 оны сонгуулиар одоогийн ерөнхийлөгч албан тушаалаа үргэлжлүүлэх үү, үгүй юу эсэх тал дээр судалгаа хийгдсэн байгаа. Энэ талын дэлгэрэнгүй судалгааг хэдэн сарын дараагаас танилцуулъя.

sonin.mn