Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас  2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах  зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэнд, портын дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал гэгч байсан бөгөөд түүнийг 48 цаг саатуулаад суллан явуулсан. 

Харин Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/-т заасан үндэслэлээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.