Өнгөрөгч оны хавраас эхэлж Нийслэлчүүд түүхий нүүрсийг хэрэглэхээ больсон. Утааг бууруулахаар шахмал түлш хэрэглэж эхэлсэнээс хойш угаартсан иргэд нэмэгдсэн. Түүнчлэн угаартаж амиа алдсан иргэдийн тоо өссөөр байгаа нь Онц байдал зарлах хэмжээнд очив.

Хамгийн сүүлд гэхэд СХД-т нэг гэр бүлийн хоёр хүн угаартаж, нөхөр нь нас барсан. Харин эхнэр нь ухаангүй эмчилгээ хийлгэж буй юм. Үүнээс өмнө 29 настай жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд мөн хэд хэдэн иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Гэтэл өнгөрсөн шөнө дахин угаарын хийн дуудлагууд бүртгэгджээ. 2020 оны нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд угаарын хийд хордсон нийт зургаан дуудлага нийслэлд бүртгэгдэж, 16 хүн хорджээ. Тэдгээрээс тав нь хүүхэд байгаа юм. Хамгийн харамсалтай нь тэдэн дунд төрөөд удаагүй нярай байна.

Тодруулбал, ХУД-ийн наймдугаар хороонд "Сонсголонд нэг гэрт байсан дөрвөн том хүн, гурван хүүхэд угаартсан байна" гэх дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 16-ны 08.19 цагт иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад 26-28 насны дөрвөн хүн, 7, 2 нас, 22 хоногтой гурван хүүхэд хордсон байжээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Ийнхүү өдөр бүр хүн угаартаж амиа алдаж, балчир үрс минь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхгүй гэсэн баталгаа алга. Өдгөө онц байдал зарлахгүй гэж үү Ерөнхийлөгч өө.

Буруу галлагааны улмаас хорвоог орхисон хэмээн дүгнэж, аль эсвэл өрхөө бүтээж, яндангаа авсны улмаас тэд амиа алджээ гэсээр цөөхөн монголчуудаа цааш харуулсаар суух уу. Утаанаасаа ангижрахын тулд хэдэн хүний алтан амийг золих шаардлагатай вэ? эрх баригчид аа.