УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Д.Баттөмөр: – Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон орлогоо хууль бусны эргэлтэд оруулахыг хэлж байна. Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар Сангийн яам юу хийж байна вэ? Хар тамхины худалдаа, хүн худалдах, дээрэм зохион байгуулах зэрэг гэмт хэргийг араасаа дагуулдаг аюултай. Далд эдийн засаггүй улс гэж алга. Яг бодит байдал дээр саарал жагсаалтад орсон оношоо зөв тогтоож чадаж байна уу? ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байна.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: -Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9,2-15,7 хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад ялангуяа манай НӨАТ-ийн шинэ хууль нэлээн үр дүн өгсөн. Татварын тайланг хялбаршуулсан байгаа. Татварын хуульд өөрчлөлт оруулсан, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.

Ж.Ганбаатар: -Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн л асуудал байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхааруулсан. Хилээр орж ирж байгаа мөнгийг нуугаад орж ирж байгаа дээр тавьж байгаад хариуцлагаа сайжруул гэсэн асуудал бий. Оффшорт байгаа мөнгөтэйгөө тэмцээч. Зүгээр хөдөлмөр хийгээд, ажлын байр бий болгоод яваа хүнийг дарамтлах гээд байгаа юм уу?

Б.Баттөмөр: -Дөрвөн асуудлаас гадна бас бус асуудлууд байна гэж бодож байгаа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд. Тиймээс эрсдэлүүдийг сайн тооцох ёстой. Монголын шүүх, мөрдөн байцаалтад хэрэг удаж байгаа. Мөнгө угаасан, оффшор асуудал гээд олон зүйл бий. Аливаа өвчнийг оношлохын тулд оношоо зөв тавь.

Д.Хаянхярваа: –Хэдэн хуульд өөрчлөлт оруулж, хууль баталснаар саарал жагсаалтаас гарахгүй юм байна гэж хараад байна. ФАТФ манайхыг саарал жагсаалтаас гарахын тулд шалгалт нь зургаан сар үргэлжлэх юм байна. Энэ хууль гаргана, Саарал жагсаалтаас гаргах календарьчилсан төлөвлөгөө гэж Сангийн яам дээр байна уу. Үүнтэй холбоотой нэгдсэн зохион байгуулалттай ажил хийж байна уу гэдэг чухал. Нэгд, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёрт төр хувийн хэвшлийнхний хоорондын механизмыг бэхжүүлэх. Хууль л баталчихвал саарал жагсаалтаас гарчихна гэсэн ойлголт байгаад байна. Цаана нь зөндөө асуудал байна.

Эх сурвалж:www.polit.mn