Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Энэ ажлын айлчлалд УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар явжээ. Тэгвэл эдгээр эрхэм гишүүдээс МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “…Сиднейн казинод энэ сарын 17-18-нд тоглож байгаа нь” гэсэн агуулга бүхий мэдээлэл  цацагдлаа.

Түүнтэй хамт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар байсан гэгдээд буй. Тэгвэл эл мэдээлэлд АН-ын дарга С.Эрдэнэ "Баримт нотолгоо нь хараахан тодорхой болоогүй байна. Д.Эрдэнэбат гишүүнтэй утсаар ярихад "Би тоглоогүй сонирхоод ороод гарсан" гэж хэлсэн. Яг тоглоод үйлдэл хийсэн бол өөрөөр яригдах байх. Нотлох баримтгүй зүгээр хувь хүн талаасаа сонирхоод ороод гарсан бол ямар ч асуудалгүй. Хүн болгон л энд тэнд очихоороо сонирхож дэлгүүр хоршоо ордогтой адил шүү дээ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.