Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүд албан томилолтоор явж байхдаа казино тоглосон байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?                                                                                                           

-Казино тоглосон хэргээр хэд хэдэн төрийн албан хаагчийг ажлаас нь халсан. Энэ жишгийн дагуу УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч. УИХ-ын гишүүн ямар нэгэн онцгой албан хаагч биш. МАН-ын Засгийн газар энэ дүрмээ хэрэгжүүлэх нь үү, үгүй юү харъя.

-Танай намын гишүүн бас байсан?

-Харин тийм байна. Уг нь зургийг нь арай өөр хүн болов уу гэж харсан.

-Ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Төрийн албан хаагчдыг ажлаас нь халдаг. Доод албан тушаалын хүмүүсээ л ажлаас нь халдаг байж болохгүй. Засгийн газар өөрийн томилсон хүмүүсээ халах хэрэгтэй шүү дээ. 

-УИХ-ын гишүүд казино судлах шаардлага бий юү?

-Судлах хэрэггүй байх. Казино сайн мэддэг хүмүүс нь хуулийн төслөө боловсруулчихна шүү дээ.

-Та сонгуульд нэр дэвших үү. Таныг Өвөрхангай аймгаас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна?

-Дэвшиж л таарна даа. Гэхдээ хаанаас ч нэр дэвшиж болно.

-Таны албан ажлаа өгөх хуулийн хугацаа өнгөрсөн юм биш үү?

-Би сайдтай адилхан ажлаа хийж байгаад сонгуульд өрсөлдөх боломжтой албан тушаалтай.

-Та АН-д нэр дэвшигчийн дэнчингээ өгсөн үү?

-АН хуулийн дагуу нэр дэвших хүсэлтэй бол хандив цуглуулах шаардлага тавьж байгаа. Намайг гишүүн болгоё гэж бодож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хандив өгнө. Би үүнийг уриалж хандиваа өгсөн. Ирэх сарын 1-нээс 30 сая төгрөг өгнө. Ер нь, хандивгүйгээр дэлхийн аль ч улсад сонгууль явуулдаггүй. АНУ-ын Ардчилсан нам ч мөнгөний шалгуур тавьж, сонгуульд оролцуулж байна. Энэ бол хуульд нийцсэн дэлхий нийтийн жишиг арга хэмжээ. Түүнээс биш хувиасаа мөнгө өгөхгүй шүү дээ. Харин МАН-ын нэр дэвшигчээсээ хандив авахгүй сонгуульд оролцуулна гэдгийг хуулийн байгууллага шалгах ёстой. Улс төрийн намын санхүү шилэн байх ёстой.

-Хандив өгсөн нэр дэвшигч сонгогдохгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ нь ямар нэгэн албан тушаалд томилно гэсэн үг үү?

-Энэ бол АН-д ямар нэгэн нөхцөлгүйгээр өгч буй хандив. АН ялах, ялахгүйгээс үл хамааран өгч буй хандив гэж ойлгож болно.

-Э.Оюунболд аварга цагаан сарын барилдаанд барилдана гэсэн. Энэ боломжтой юу. Цолыг нь хэзээ хураах вэ?

-Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад бид цол хурааж болохгүй. Ерөнхийлөгч одоо Э.Оюунболдыг барилд, боль гэж хэлэх эрхгүй шүү дээ.

-Допингийн асуудлаар 30-40 хүнийг шалгаж байгаа юм уу?

Хэрэглэсэн үү, үгүй юү гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар тогтоохгүй.