Шүүхийн шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшлийн болон  зээлийн үүрэгт барьцаалсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу худалдан борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

            Уг ажлын хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан дуудлага худалдаа зохион байгуулж Сүхбаатар дүүрэгт байрлах 130.6 м.кв талбайтай үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 672.4 сая төгрөгөөр үнэлэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны өсгөн дуудах доод үнийг 336.2 сая төгрөгөөр тогтоогдсоноос дуудлага худалдааны ялагчаас доод үнийг 164.0 сая төгрөгөөр өсгөн дуудаж, 500.2 сая төгрөгийн үнийн саналаар худалдан борлуулжээ.

            Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах  147.5 м.кв талбайтай 5 өрөө орон сууц 266.6 сая төгрөгөөр үнэлэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны өсгөн дуудах доод үнэ 133.3 сая төгрөгөөр тогтоогдсоноос ялагч доод үнийг 67.2 сая төгрөгөөр өсгөж, 200.5 сая төгрөгийн үнийн саналаар хөрөнгийг худалдан авах эрх нь үүсчээ.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлуулагдах үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг өдөр тутмын сонинд нийтүүлдэг. Уг дуудлага худалдаанд иргэн, хуулийн этгээд нээлттэй оролцох боломжтой байдаг бөгөөд албадан дуудлага худалдааг сар бүр зарлаж, дунджаар 1-10 хүртэлх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж орлогыг төлбөрт тооцдог аж.

            Энэ удаагийн албадан дуудлага худалдааны доод үнэ 67.0-164.0 сая төгрөгөөр өссөн байна.