БНХАУ-д нэгдүгээр сард дэгдэж эхэлсэн Коронавирусийн улмаас Монгол улсад хөл хорио тогтоосон байгаа билээ. Энэ дагуу ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. БСШУЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг гэрт нь амраах шийдвэр гаргасан юм. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжих байгаагийн улмаас 1-5 насны гурван хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж амиа алдлаа. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд айлын хажуу өрөө түрээслэн амьдардаг Ч-гийн угаалтуурын хэсэг бөглөрсөнөөс болж, халуун ус алдаж, түүнд уртасгагч залгуураар дамжсан цахилгаанд цохиулж 5 настай эмэгтэй Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 сартай эмэгтэй Ц нарын гурван хүүхэд амиа алдсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Харин уг асуудлаар Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн Ц.Мөнхтуяа "Паар дэлбэрсний улмаас хүүхдүүд амиа алдаж, ээж нь гүн шоконд орсон байна.  Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан хорио цээрийн үеэр 50 жилийн ой тэмдэглэн гэж багш, үйлчлэгч нарыг ажлын байранд нь байлгаж, дарамталснаас болж гурвын гурван нялх хүүхдийн амь нас эрсдээд байна. Тус үйлчлэгч багш цэцэрлэг рүү дуудагдаж явахдаа гурван хүүхдээ гэртээ цоожилж явсанаас болж хүүхдүүд нь амь насаа алдаад байна" гэлээ. 

Ингээд түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.