Өнөөдөр Америкийн Аллентауны PPL Center-т мэргэжлийн боксын дэлхийн аваргын бүсийн төлөө хоёр тоглолт боллоо.

Хамгийн том тулаан нь олимпын мөнгө (2012), ДАШТ-ий мөнгөн медальт (2009), гавьяат тамирчин Н.Төгсцогтын тулаан байв. Мэргэжлийн бокст 11 тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан манай тамирчин ялалтынхаа 9-ийг нь хүнд цохилтоор авч байлаа.

Харин түүний өрсөлдөгч нь WBC холбооны аварга АНУ-ын Гэри Рассельтай (30-1-0, 18 KO) байв. Тэд  12 үе тулалдан шүүгч нар бүгд Гэри Рассельд ялалт өгсөн. 

Хэрэв Төгсөө ялсан бол Монголоос төрсөн мэргэжлийн боксын хоёр дахь дэлхийн аварга болох байв. Энэхүү цолыг өмнө нь Д.Лхагва 1999 онд буюу WBA холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга хэмээн цоллуулж байсан билээ.

Японы аварга Хатакэямаг 5 дахь үед хүнд цохилтоор ялж аваргын бүс монголчуудаас анх зүүсэн Лхагва 2004 онд WBA холбооны хөнгөн жинд мөн аваргын бүс зүүж байсан юм.