Шинэ төрлийн коронавирусийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн мэдээллийн үеэр.  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар, Замын-Үүдэд тусгаарлагдсан тус бүр хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний хариу гараагүй байна. Баян-Өлгий аймгаас шинжилгээний сорьц өнөө өглөө 05.00 цагт ирсэн. Хариу маргааш хариу нь гарна. Одоогоор нийт 120 сэжигтэй тохиолдол хяналтад байна” гэсэн юм. 

Өчигдөр сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн Баян-Өлгийн иргэн өөрийн явсан замынхаа маршрутыг хэлэхгүй байгаагаас хавьтагч нарыг олж, шинжилгээнд хамруулахад хүндрэл учруулж байгаа талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал онцлов. Тэрбээр “Эрүүл мэндийн байгууллагынхан халдварт өвчнөөс иргэдийг хамгаалах, байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байхад зарим иргэд эмнэлгийн ажилчдыг үл тоон харьцаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол буюу иргэн Н нь Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомт руу зорчихгүй байхыг анхааруулсаар байхад нэгдүгээр сарын 10-нд Эрээн явсан, буцаж ирээд Бээжин явсан,  энэ хооронд автобус таксинд маш олон хүнтэй ойр байсан, Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Төв аймаг зэрэг олон аймгаар дамжиж явсан байна. Ингээд халуурсан, гүйлгэсэн гэх шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байна” гэв.

Дээрх сэжигтэй тохиолдолтой иргэн 1-2 сард дараах маршрутаар явжээ.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрээн рүү гарсан.
Нэгдүгээр сарын 12-ны өдөр Эрээнээс цаашаа явсан.
Хоёрдугаар сарын 2-ны өдөр Эрээнд буцаж ирсэн.
Дахиад Бээжин явсан. Бээжинд хоёр хоносон.
Эргээд хоёрдугаар сарын 4-ны өдөр Бээжингээсээ Эрээнд ирсэн.
Хоёрдугаар сарын 5-нд наашаа хилээр 48 хүнтэй автобусаар гараад,Замын-Үүд дээр гурав хоносон.
Дахиад Улаанбаатарт ирээд хоёр хоносон.
Хоёрдугаар сарын 7-нд автобусаар Ховд явсан. Тэр 40 хүнтэй автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарив дээр хооллосон.
Цаашаа Ховдод хоёр хоног зочид буудалд байсан.
Цаашаа Баян-Өлгий аймаг руу таксигаар явсан. Таксинд дөрвөн хүн байсан. Ингээд очсон хойноо халуурч байна,ханиалгаад байна, булчин өвдөж байна, толгой өвдөж байна гэсэн зовиуртайгаар Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж, тусгаарлагдсан. Ийнхүү өөрийн явсан маршрутаа нуусны улмаас эрүүл мэндийн байгууллага цаг алдалгүй ажиллаж иргэдийг тусгаарлахад хүндрэл учирчээ. Иймд иргэдийг халдварын гомолт бүхий улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.