Улсын хэмжээнд 2016-2018 онд цэцэрлэгийн хүчин чадлын хэтрэлт дунджаар 106126 хүүхэд байсан. 2018-2019 оны хичээлийн жилд 155126 хүүхдийн хүчин чадалтай 1435 төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан нь сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 48 хувийг хамруулах хүчин чадалтай байна.

Цаашид цоожтой хаалганы цаана үлдэх хүүхдийн тоог багасгахад хичээж байгаа ч өнөөдрийн байдлаар зарим цэцэрлэгийн байдал ГАМШИГ болсон гэдгийг бид энэ удаад хоолны илчлэгээр жишээлэн хүргэж байна.

2012-2019 он хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400 төгрөг байсан юм. Харин 2019 оны 12-р сард 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон. Гэсэн ч хүүхэд хангалттай илчлэгтэй хоол идэж чадахгүй байгаа гэсэн тооцоо судалгааг ҮАГ-аас гаргажээ.

Үндэсний аудитын газраас түүврийн аргаар  цэцэрлэгүүдийн хоолны цэс, хүнсний зарцуулалтын тайлан, НЭМҮТ-ээс 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд төрийн өмчийн цэцэрлэгийн хувьд хүүхэд авбал зохих илчлэгийг бүрэн авч чаддаггүй, гурил будаа төмснөөс үндсэн илчлэгээ авдаг, элсэн чихэр, өөх тосны хэрэглээ өндөр, ногооны эзлэх хувь хэмжээ бага, хувийн цэцэрлэгийн хүнсний зарцуулалтын анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй байгааг тогтоожээ.

Хүснэгтээс үзэхэд хүүхэд хангалттай илчлэг авч чадахгүй байгаа юм. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд шим тэжээлтэй хоол өгч байх шаардлагатай болж байна. Мөн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэмжээг эцэг эх өөрсдөө гаргаж байх хэрэгтэй болж байгаа юм.

2018 онд Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаа танилцуулагдахад тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн их амин дэмийн дутагдалд орсон бүлэгт багтсан. Тодруулбал, тэдний 21 хувь нь төмөр, 70 хувь нь А амин дэм, 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гарсан байдаг. Тав хүртэлх насныхан гэдэг нь цэцэрлэгийн насныхан гэсэн үг юм.

Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 6.6-13.7 хувиар өссөн байхад хүүхдийн хоолны зардлын хэмжээг тухай бүр шинэчлээгүйгээс хүүхдэд шаардлагатай хоол тэжээлийн илчлэг, шимт бодисыг батлагдсан нормативын дагуу бүрэн өгч чадахгүй байхад хүрч байгаа юм. Мөн цэцэрлэгийн хүнсний зарцуулалт бодитой бус байх, батлагдсан нормативаас хэтрүүлэн зарцуулах зөрчил үүсэхэд хүргэж байна. Тухайлбал;

• Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 2,3,5,7,9,10 дугаар цэцэрлэг, Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян зэрэг сумдын цэцэрлэг хүүхдийн ирцийн бүртгэлийг архивлаж хадгаламжийн нэгж болгоогүй, ирцийн бүртгэлийг хаяж үрэгдүүлсэн, хувилбарт сургалтын ирцийн бүртгэлийг дутуу бүртгэснээс нийт 109.2 сая төгрөгийн зарцуулалт анхан шатны баримтаар хангалттай нотлогдохгүй байдал үүссэн;

• Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 6, 14 дүгээр цэцэрлэгүүд нэг хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4.2 сая төгрөгийн хэтрүүлж зарцуулсан;

• Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар цэцэрлэг хоолны зардлыг 7.3 сая төгрөгөөр хэтрүүлж зарцуулсан;

• Сүхбаатар аймаг - Хоолны зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрийн ирцийн бүртгэлтэй тулган шалгахад хоолны зардал, материалд 10.8 сая төгрөг илүү олгож зарцуулсан;

 • Говь-Алтай аймаг - Хоолны норматив зардлыг 7.4 сая төгрөгөөр хэтрүүлсэн.

Уг нь  цэцэрлэгүүд хүүхдийн хоолны цэсийг ихэвчлэн долоо хоногоор тооцож боловсруулдаг. Гэхдээ нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 1 өдрөөр тооцохоор зааснаас хоолны цэс бүрэн мөрдөгдөхгүй, хүүхэд авбал зохих илчлэг, шимт бодисыг бүрэн авч чадахгүй, хүнсний зарцуулалтыг зөрүүтэй тайлагнах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байгаа юм.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид цэцэрлгийг эрхлэгч болон анги удирдсан багш нартай ярилцаж, хоолны мөнгөний тодорхой хэмжээг өөрсдөөсөө гаргах хэрэгтэй болж байна. Эс бөгөөс амин дэмийн дутагдалд орсон хүүхэдтэй болох эрсдэл байгааг анхаарна уу.