Коронавирусийн халдварын улмаас Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Тодруулбал, энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа юм.

Гэхдээ үүнд агаарын зам буюу нислэг хамраагүй. Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмээ сайтар баримталж, гэртээ шинэлж, цахимаар золгохыг уриалаад байгаа билээ.

Эдгээр өдрүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд эргүүл, хяналт шалгалтаар ажиллах бөгөөд хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150 мянган төгрөгөөр торгоно. Харин хуулийн этгээдийн нэг мянга 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая 500 мянган төгрөгөөр торгох юм байна.