Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөний урсгалыг ирэх сарын 2-ны өдрийг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ард иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Засаглах цаг ирсэн байна. Нийт ард түмний төлөө хааж, хорихоос өөр аргагүй. Ингэж байж энэ нөхцөл байдлыг даван туулна. Тогтоол шийдвэр зөрчвөл арга хэмжээ авна.

Иргэн хүн иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх ёстой.

Нэг, хоёр хүний эрх ашиг биш. Улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс хорио цээрийн хугацааг сунгах ёстой. Тэгэхгүй бол хорионы цаг дуусангуут золгуут эхэлнэ. Коронвирус гэлтгүй ханиад томуу дагаад дэгдэнэ. Хүчний байгууллагууд ажлаа хийх цаг ирсэн. Хэл ам гарна гэж айх ёсгүй. Улсын эрх ашиг чухал" гэлээ.