Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулын түвшин ноцтой хэмжээнд хүрч байгааг анхааруулав.

Ямар нэгэн өвчлөл гараад ирсэн тохиолдолд цаашид тархаахгүй байх чиглэлээр маш эрчтэй ажиллахыг сэрэмжлүүлж байна. Ковид19-ийн эсрэг дэлхийн улс орнууд хамтдаа байж, хамтран тэмцэж байж ард нь гарна. Энэ өвчин өндөр настнууд, суурь өвчтэй хүмүүсийг маш хурдан нэрвэж байгаа тул энэ бүлгийн хүмүүс онцгой сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулсаар байгаа юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ Нэгдүгээр сарын 6-наас 782 хүний ажиглалтад авсан. Хоёрдугаар сарын 27-нд ажиглалтад орсон нийт 5 тохиолдлоос коронавирус илрээгүй. Эмч, ажилтнууд 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Хилээр орж ирж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн маш нямбай үзэж байгаа учраас гадаадаас ирж буй иргэд хүлээцтэй байхыг хүсэж байна" гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: ДЭМБ-аас гаргасан сүүлийн мэдээгээр коронавирусээр халдварласан 83694 тохиолдол батлагдаж, 2861 иргэн нас барлаа. Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд Монака, Нигэр, Шинэзеланд, Испани, Нидерланд, Беларус, Литван, Азербайжан зэрэг улсад шинэ тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар БНХАУ-д 329 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт байлаа. 21 улсад энэ өвчин тархаж байна. Ялангуяа БНСУ-д 571 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус вирусээр халдварласан хүний 2331 боллоо. Италид 250 шинээр халдвар авч нийт халдвар авсан хүний тоо 564-т хүрлээ.  Иранд 104 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 254 болж, нас барсан хүний тоо 24 болжээ. Энэ халдвар өргөн хүрээнд тархсан тохиолдолд 9 чиглэлээр анхаарч ажиллахыг ДЭМБ-аас зөвлөлөө. ДЭМБ дэлхий даяар нь маш өндөр эрсдэлтэй түвшинд хүрснийг хэллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Дэлхийн 55 улсад тархалт гарсантай холбоотойгоор манай улс урьдчилан сэргийлэх ажлаа улам эрчимжүүлж байна. Яг одоогоор манай улсад 351 хүнийг ажиглалтад аваад явж байна. Тус өвчнөөр өвчилсөн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгааг хариуцлагатайгаар хэлье. Тусгаарлах, ажиглалтад авах бүх ажиллагааг хийж байна. Түргэвчилсэн оношлуурыг авах, шинэ эмчилгээний төхөөрөмжтэй газар дээр нь очиж танилцах ажлыг хийж байна. Өвчин гарсан тохиолдолд хүмүүсийг тусгаарлан эмчлэх эмчилгээний байруудын тоог нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Одоогоор нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн байраа өгөх хүсэлтээ ирүүлсэн Эм Би Жи эмнэлэг, Очирваань эмнэлгийн байруудыг бид бүхэн очиж үзсэн.

Эрчимт эмчилгээний эмч нар маань Монгол Улсынхаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тус өвчний шинж тэмдэг, эмчилгээ, шинэ тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах зааврыг цахимаар хийсээр байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл учруулж байж болзошгүй нөхцөл байдал бий болж байгаа. Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээллийн дагуу тухайн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Жаргалантын аманд БНСУ-ын Тэгү, Бусанаас ирсэн иргэд тусгаарлагдаад байгаа. Эдгээр иргэд өчигдөр халуунаа үзүүлэхгүй гэсэн эсэргүүцэл гаргалаа. Тухайн үйлдлийг гаргасан даруйд цагдаагийн байгууллагад хандаж, бусдыг өдөөн турхирсан хүнийг олж тогтоон шалгаж байна. Энэ хүнд цаг үед иргэний эрх гэхээс илүүтэйгээр үүргийг нэн тэргүүнд авч үзэх шаардлага бий болоод байна. Тусгаарлагдсан хүмүүс эмч, эмнэлгийн мэргэжилтний шаардлагыг эсэргүүцэх, тэднийг хэл амаар, үг хэлээр доромжилж харьцсан тохиолдолд шууд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хүний эрхээсээ илүү олон хүний амь настай холбоотой халвдарт өвчний энэ үед хариуцлагаа ухамсарлахыг хүсье. Мэргэжлийн эмч нарт үзүүлэхгүй гэж уурлаж, бидний ажилд хүндрэл учруулж байна. ДЭМБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан олон туршлагатай эмч нар, хурандаа нарыг ажиллуулж байгаа гэдгийг хэлье. Тангараг өргөсөн эмч нар өөрт нь болоод тэдний гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалахын тулд ажиллаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ бидний ажилд хүндрэл учруулвал хуулийн хариуцлага тооцохоос өөр аргагүй.