Дэлхий дахинаа Covid-19 халдвартай тэмцэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 90370 хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 3114 хүн нас барж, 47711 хүн эдгэрчээ.

 Хятадаас гадна Итали, Өмнөд Солонгос, Иран улсад халдвар хурдацтай тархаж, хамгийн олон хүн нас барсан байна. Италид өнөөдрийн байдлаар нийт 2036 хүн халдвартай гэж бүртгэгдсэнээс 52 нь нас барсан бол Иранд халдвар авсан 1501 хүнээс 66 нь, Өмнөд Солонгост 4812 хүнээс 29 нь хорвоог орхин одов.

2020 оныг аймшигтай тахалтай угтсан БНХАУ цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэснээс халдварын тархалтыг тогтоож чадаагүй гэдэг. Энэхүү алдаанаас нь манай улс давтахгүй нь тулд олон нэн чухал арга хэмжээнүүдийг авсан билээ. Тухайлбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд, их, дээд сургуулиудад хөл хорио тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон. Шашны болон баар, ресторан, кино театр гээд олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, үйл ажиллагаа нь хаасан гэдгийг хэн хүнгүй мэдэж буй. Тэгвэл эл халдвар нь монголчуудын түрүүвчинд хэрхэн нөлөөлж байна вэ? 

Жишээлбэл, баар, рестораны ажилчид үйл ажиллагааг зогсоосон үед цалингүй болжээ. Тухайн байгууллага нь орлогогүй байгаа учир тэдний цалинг тавих эх үүсвэргүй болсон аж. Нэг ёсондоо орлогоороо л ажилчдаа цалинжуулдаг байгууллага гэсэн үг. Мөн коронавирусийн дэгдэлтээс сэргийлэх үүднээс ажлын 5 өдрөө 4 болгож, бүх ажилчиддаа нэг өдрийн цалингүй амралт өгсөн монголын томоохон группт тооцогддог компани ч байна. 

Манай улсад хамгийн өндөр цалин авдаг хэмээн судалгаагаар тогтоодог уул уурхайн компаниуд ажилчидаа ээлжийн амралтаа авах эсхүл цалингийнхаа талыг аваад гэртээ амрах сонголтыг хийлгэж санхүүгийн бэрхшээлээ даван туулж байгаа ажээ.

Түүнчлэн худалдаа, наймаа эрхлэгчид үйлчлүүлэгч багатай байгаа бөгөөд түрээсийн лангуу эзэмшигчид хүнд байдалд оржээ. Ашиг олох нь бүү хэл, түрээсийн төлбөрт “шатах” болсон гэдгээ наймаа эрхлэгчид учирлав. Ийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй эдийн засгийн хямралд орсон иргэд олон байна. Банкны зээлийн хүүг тэглэх, зээл төлөлтийн хугацааг сунгах талаар ам дуугарсан эдийн засагчид болон эрх мэдэлтнүүд ганц ч алга. Оймсны хүүхэд гэгддэг О.Баасанхүү хэдэнтээ дуугараад дийлэхгүй суугаа бололтой. 

Орлогогүй болсон иргэд цалин, бизнесийн зээлээ төлж чадахгүй өвчингүй бол болно хэмээн монгол хүний уужим сэтгэл гарган коронавирусийн дэгдэлтийг намдахыг хүлээсээр сууна. Уг нь манай улсад Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Тус хуулинд 3.4.Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгт 3.4.4.эдийн засгийн аюулгүй байдал багтана хэмээсэн байдаг. Үүнийхээ дагуу арга хэмжээ авахгүй байгаа нь тун хачирхалтай. Цаашид байдал хэрхэхийг харж л байя даа.