Дэлхийд дахинаа дэгдсэн Коронавирусийн халдварын улмаас манай улс хөл хорио тогтоосон. Энэ цаг үед бизнесийнхэн болон хувиараа наймаа эрхлэгчид хийгээд ард иргэдэд эдийн засгийн хүндрэл үүсээд байна. Гэтэл улс төрчид бодит амьдралд дорвитойхон хэрэгцээтэй шийдвэр гаргачихад чадахгүй сууна. Тэгсэн мөртлөө УИХ-ын ээлжит сонгуулийнхаа пи-арыг явуулж, хаана, хэнийгээ нэр дэвшүүлж хэдэн төгрөг цацахаа ярилцаж байна. Галын фронтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүддээ найман настай балчираас наян настай хөгшид хүртэл мөнгөн тусламж үзүүлж байгааг тэд зүгээр хараад баясана.

Гэтэл энэ онцгой цагт хадгаламжийнхаа хүүнээс татгалзаад баялаг бүтээгчдийнхээ зээлийн хүүг тэглээд өгөх зоригтон алга. Сонгуульд өрсөлдөх мөнгөө улс орноо энэ давагдашгүй хүчин зүйлийг хохирол багатай даван туулахад хандив өгвөл зохистой биз ээ. УИХ-ын сонгуулийг ийм үед явуулах нь зөв үү?

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хорио тогтоосон. Мөн ЕБС-ийн 12-р ангийг төгсөгчид өнөө жил ЭЕШ-аа сонгуулиас болж хойшлуулж байгаад эцэг, эхчүүд бухимдаж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр онц байдал зарлаж болох хоёр тохиолдлуудыг зохицуулсан байдаг. Тодруулбал, 25.2.1-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон”, 25.2.2-т “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж бий. Мөн 25.3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж зохицуулжээ. Тэгэхээр 25.2.1-т заасан “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” гэдэг үндэслэлээр онц байдал зарласан тохиолдолд сонгууль явагдахгүй гэжээ.

Одоогоор манай улсад батлагдсан тохиолдол 10-т хүрч нэмэгдсэн. Цаашид хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Гадны улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагаа явуулвал коронавирусийн халдвар хэдэн зуу хүрэхийг эс мэднэ.