Бид өмнөх дугаартаа “Үнсийг үнэд оруулъя” гарчигтай нийтлэлийг уншигч танд  хүргэсэн. Нийтлэлийн зорилго нь “Нийслэлийн гурван хэсэгт томоохон газар нутаг эзэлдэг төвлөрсөн хогийн цэгт үнс гэх үнэт түүхий эд агаар, хөрс бохирдуулаад байна.

Жил бүр нэмэгдсээр байгаа үнсийг зам, барилгын хавтан үйлдвэрлэлд ашиглах ёстой. Ингэхийн тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд цогц бодлого, арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай”-г хөндсөн. Харин энэ удаад үнсээр зам, барилгын материал хийж болох эсэхийг туршсан “Монгол дээвэр” компаниас сурвалжилга бэлтгэлээ. Тус компани түүхий нүүрсний хаягдал үнсийг дахин боловсруулж барилгын хийц, замын хашлага, хаалт, олон төрлийн хавтан хийж байгаад 2016 оноос үнс ашиглалтын горим, технологио зогсоожээ. Учир нь “ДЦС-III”-ын үнсэн овоолгыг үйлдвэрлэлийнхээ түүхий эд болгодог байсан ч нэг л өдөр “Үнс ашиглуулахгүй, үнсээ хамгаалалтад авлаа” гэх лүндэнг тус станцаас буулгажээ. Ийн хаягдлыг дахин боловсруулаад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан их ажил зогсжээ.

Тус үйлдвэрийг зорьсон шалтгаан нь “Монгол дээвэр” компани “Тавантолгой түлш” компаниас иргэдийн нүүрсний хэрэгцээнд нийлүүлж буй сайжруулсан, шахмал түлшний үнсээр замын бордюр, хавтан, явган хүний зам, эко хавтан зэргийг үйлдвэрлэх боломжтой эсэхийг анхлан туршжээ. Тиймээс цаашид сайжруулсан, шахмал түлшний үнсийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийх боломжтой эсэхийг, түүхий нүүрсний үнснээс ялгаатай юү, үнс боловсруулах үйлдвэр барих хэрэгцээ, шаардлага Монголд бий эсэхэд хариулт хайж тийн зорьж очсон хэрэг. Биднийг тус үйлдвэрт очиход хэд хэдэн хэсэг болгон өрсөн хот тохижилтийн материал, төрөл төрлөөрөө өрөөтэй байв. Өглөө эхэлсэн үйлдвэрийн бужигнасан их ажил дуусах шатандаа оржээ. Үйлдвэрийн ажилчид өдрийн ажлаа дуусаж байгаа тул ажлын байраа цэвэрлэж, тоног төхөөрөмжөө цэгцлэн байршуулж байхтай нь таарав. “Монгол дээвэр” компанийнхан энэ салбарт хорь дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай хамт олон аж. Тиймээс үнс ашиглах аргыг сайшаан, байгальд ээлтэй технологи мөн гэж үздэг учраас энэ өвлийн нийслэлчүүдийн түлшний гол хэрэгцээг хангасан сайжруулсан нүүрсний үнсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох гэж цөөн тооны хавтан, явган хүний бордюр үйлдвэрлэжээ. Энэ туршилт тун амжилттай болсныг Монгол Улсын зөвлөх инженер, доктор Д.Алтангэрэл хэллээ. Тэрбээр энэ тухай “Үнс гэдэг бол шавхагдашгүй, барилгын үнэт материал. Улаанбаатарт гэхэд л дулаан, цахилгаан хангамжийн гурван том дэд станц ажиллаж байна. Энэ станцаас гарч байгаа үнс гэхэд л нэлээд хэмжээний газрыг эзэлсэн их овоолго үүсчихсэн байна. Тиймээс энэ их үнсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цаашлаад үнс боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахад болохгүй гэх зүйлгүй. Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар бол үнсэндээ дарагдсан хот болох нь ээ” хэмээсээр үнсийг үнэд оруулъя гэх бидний санааг сайшаан дэмжсэн юм. Мөн тэрбээр “Монгол Улсын зөвлөх инженер хүнийхээ хувьд хэд хэдэн зүйл анхааруулмаар байна. Үнсийг үнэд хүргэх гэсэн санал, санаачилгыг дэмжиж байна. Хамгийн гол нь бид судалгаа, үйлдвэрийн процесс, дамжлагадаа анхаарах хэрэгтэй. Ингэхдээ технологийн дэвшлийг бүрэн ашигласан үйлдвэр байгуулахад анхаарвал зохино” гэв.  Энэ санаагаа бататгаж, “Үнс цементийг орлож чаддаг гайхамшигтай эд. Жишээлбэл, үнсээ нэмээд, цементийн орцоо хасаад бүтээгдэхүүн хийдэг. Энэ бол барилгын материал үйлдвэрлэлийн шалгарсан технологи. Үнсээр дагнаж бүтээгдэхүүн хийдэг хэд хэдэн компани бий. Энэ бодлогын том ажлыг хэрэв, манай эрх мэдэлтнүүд эхлүүлэхээр зэхвэл хамгийн эхлээд үнснийхээ химийн болоод физик бүтцийг сайтар судлах хэрэгтэй. Найрлагад нь юу орсон юм, түүнтэй нь юуг хольж байж элдэв үнэргүй, хүнд харшлахгүй, үйлдвэрлэлд нийцэх бүтээгдэхүүн болох эсэхийг судалмаар санагдсан” гэдгийг онцоллоо. 
Угаас өнөөдрийн тухайд гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй хог хаягдлын 60-70 хувийг үнс эзэлж байгаа  гэх судалгаа гарчээ. Энэ бол тэр хэрээр хогийн цэгүүд ачааллаа дийлэхгүй, хөрсний бохирдлын аюултай хэмжээнд хүрч байгааг харуулсан тооцоо, судалгаа мөн. Нийслэлийг тойрсон төвлөрсөн гурван том хогийн цэг бий. Тодруулбал, Морингийн даваа, Нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэг. Энэ цэгт өдөрт дунджаар 300 мянга орчим тонн үнс цуглардаг гэнэ. Үнс нь агаарт нарийн ширхэгт тоосонцор, амьсгалын зам, эд эрхтэнг гэмтээх хэмжээний бохирдуулагч болон бургидаг учир нийт хог хаягдлын 70 хувийг бүрдүүлдэг үнсийг боловсруулах нь хамгийн зөв шийдэл билээ. Тэгэхээр утаа, угаараас илүү хүний эрүүл мэндийн дайсан болсон үнсийг ил задгай тээвэрлэн Улаанчулуутад асгаад байж болох уу. Хаягдал үнсээ эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө болгох боломжтойг угтаа бол манай эрдэмтэд нэлээд эртнээс олж нээсэн ч хөрсөн дээр баригдах үйлдвэрийн сураг ажин түжин байсаар өнөөдрийг үзлээ. Гэтэл гадаадын улс орнууд үнсийг мөнгө болгож хувиргаад, үнсний хаягдалгүй нийгмийг бүтээсэн жишээ олон байна. Тухайлбал, Австрали. Тэд нүүрс боловсруулах үйлдвэрээр жишээ болон яригддаг бөгөөд хүчирхэг технологи, дэвшилтэд үйлдвэрлэлээрээ гайхагддаг. Тэгвэл хог хаягдлынх нь 70 орчим хувийг бүрдүүлж байгаа үнсээ үнэд хүргэх боломж, түүхий эд бидэнд хангалттай байна. 

 

“ШИНЭ” ҮНСЭЭ ТАНЬЖ МЭДЭХЭЭС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС ЭХЭЛНЭ

Гэр хороолол, томоохон станцуудын "үйлдвэрлэж" буй олон мянган тонн үнсийг мөнгө болгох боломжийг сурвалжилах явцад сэргэлэн нэг нь өлгөөд авмаар, сэтгэлтэй нь босгоод бүтээн байгуулчихмаар олон сайхан саналыг “Монгол дээвэр” компанийн зөвлөх Д.Алтангэрэл хэлж байлаа. Тухайлбал, 
“Сайжруулсан шахмал түлшнээс гарч байгаа үнс бол бидний одоогоор танилцаж байгаа “шинэ” үнс. Бид үүнийг мэдэх хэрэгтэй. Үүнээс үйлдвэрлэлийн процесс, дамжлага ямар байх вэ гэдэг нь хамаарна. Энэ үнсийг ашиглахгүй бол хог л болно. Эндээс гарч байгаа нунтаг, саарал үнсийг яах вэ. Ашиглах ёстой. Хэрхэн, яаж ашиглах вэ гэдгийг судлах хэрэгтэй. Бид туршилтаар хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж үзсэн. Ингэхдээ нэг л зүйлийг сайтар анхаарах ёстой юм байна гэдгийг онцгойлон сануулмаар байна. Тэр нь үнснээс ялгардаг цацраг. Энэ цацраг түүхий нүүрсний үнснээс ч ялгардаг, сайжруулсан шахмал түлний үнснээс ч ялгардаг. Ийм цацрагийг яаж ялгах вэ гэхээр өвөрмөц, хурц үнэр гардаг. Ийм үнэр үйлдвэрлэх явцад ялгарч болохгүй учраас технологийг нь сайтар судлах хэрэгтэйг хэлээд байгаа юм. Одоогоор түүхий нүүрс түлдэг томоохон уурын зуухнаас гардаг барьцалдсан, арзгар үнсийг шаарга гэдэг. Ийм шааргаар барилгын дүүргэлтийн блок хийхээс гадна дулаан тусгаарлагч хийдэг. Олон жил овоолго болон нар, салхинд цацраг нь задарсан ийм шааргаар үйлдвэрлэл явуулахад өнөөх хурц, тод үнэр гарахгүй л дээ. Тэгэхээр сайжруулсан нүүрсний үнсийг боловсруулаад, үйлдвэрлэлийн түүхий эд болгох гэж байгаа бол ямар технологиор цацрагийг нь задлах вэ гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Эрдэмтдийн баг энд ажиллах ёстой” гэв. 

ҮНСНИЙ ГУРВАН ТОМ ЦЭГИЙГ ТҮШИГЛЭСЭН ҮЙЛДВЭР БАРЬЯ

ъ“Монгол дээвэр”-ийнхэн үнсээр замын хашлагаас гадна явган хүний замын хавтан хийжээ. Д.Алтангэрэл инженер ажил хийж үзсэн хүний үг алт гэдгийг батлах шиг олон сайхан  яриа өрнүүллээ. Тэрбээр “Сайжруулсан түлшний үнсээр бүтээгдэхүүн хийе гэвэл нэгдүгээрт, нийслэлийг тойрсон үнсний цэгүүдийг түшиглэж үйлдвэр байгуулах нь зүйтэй. Учир нь хотын төвөөр үнс тээвэрлээд явах боломжгүй. Мөн үнс цэвэр байх ёстой. Ямар нэгэн ахуйн хүрээний хогтой холилдоогүй байх. Мөн цэвэр үнсээ цуглуулахдаа битүү саванд цуглуулах уу, ил задгай тээвэрлэж бөөгнүүлэх үү гэдгээ шийдэх ёстой. Мөн их хэмжээний үнсийг хадгалахдаа овоолох уу, услах уу. Эндээс л асуудал эхэлнэ шүү дээ. Уг нь бол түүхий нүүрсний үнсийг хадгалахдаа уриншуулах аргыг ашигладаг. Энэ ямар арга технологи вэ гэхээр, байгалийн шавар гаргаж  овоолдог юм. Энэ овоолго дээр бороо, цас орно, нар, салхи ээнэ. Энэ бүхний эцэст үнснээс ялгарах цацраг байгальдаа задарч уриншдаг. Үүний дараагаар тоосгоны үйлдвэр болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлд  уриншсан үнсийг хэрэглэдэг. Ийм үнснээс хурц, тод үнэр ялгардаггүй юм. Тэгэхээр энэ мэтээр уриншуулаад хэрэглэж болдог юм уу гэдгийг судлах хэрэгтэй”-г анхаарууллаа. Тэрбээр мөн аливаад олон талын эрсдлийг тооцдог инженер хүний ухаанаар үнсний үйлдвэртэй болбол бид ямар эрсдлээ тооцоолох ёстойг ч сануулж байх юм. 

ТЕХНОЛОГИ ХАМГИЙН ЧУХАЛ

Үнсийг яаж, хэрхэн ашиглах вэ гэдэг нь орчин цагт техник технологи, тоног төхөөрөмжөөс ихээхэн хамаарна. Бидний хийсэн туршилтын бүтээгдэхүүн чанарын хувьд  энгийн бүтээцтэй ижил төвшинд үйлдвэрлэгдсэн. Харин ч зарим талаараа давуу талтай байсан. Тухайлбал, үнсээр хийсэн блок харьцангуй хөнгөн байсан. Тэгэхээр хөнгөн байгааг нь ашиглаад ханын материал буюу тусгаарлагч хана хийж болохоор санагдсан. Цемент үнс хоёр хоорондоо маш сайн барьцалддаг. Харин цемент шавар хоёр барьцалддаггүй, цементээ шавар нь идэвхгүй болгодог сул талтай. Энэ чанарыг нь мэдэх нь үнсний давуу чанарыг судлахад нэмэр болох биз. Төвлөрсөн хаягдлын цэгүүдийг түшиглээд үйл ажиллагаа нь хэт данхайсан биш, дундаж хүчин чадалтай, гурван үйлдвэр байгуулах хэрэгтэй. Үнс гэдэг бургисан түүхий эд учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэзээ ч ил байж болохгүй. Техникжсэн байх ёстой. Дамжлагууд, холигчид нь автомат байхаар шийдэх хэрэгтэй. Нийслэлд асар их үнс байна. Миний хувьд автомат, байгаль орчинд ээлтэй, дундаж хэмжээтэй үйлдвэр барих хэрэгтэйг дахин дахин онцолмоор байна” гэлээ. 
Холч бодол, алсын хараатай монгол хүний саруул ухаанд итгэж байна. Монгол инженерүүдийн ухаан Монголд үйлдвэрлэлийн эринг эхлүүлэх нь дамжиггүй. Ингэхдээ эхний ээлжинд хүний эрүүл мэндийн чимээгүй дайсан үнс боловсруулах үйлдвэртэй болоход гэрт нь суулгасан эрдэмтдээ ашиглая. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН