Нийслэлийн хүн амын энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн, 140 хорооны  279 хүнсний дэлгүүрт энэ сарын 11-ны өдөр  худалдаанд гаргаж эхэлсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах кг нь 7700 төг, хонины ястай мах 6700 төг, ямааны ястай мах 6200 төгрөгийн үнээр худалдан борлуулж байгаа юм.

Харин тус үнэ дээр жижиглэнгээр борлуулж буй дэлгүүрүүд килограмм тутамд нь 200 төгрөг НӨАТ нэмж борлуулж байгаа аж. Жил жилийн хавар махны олдоц багассанаас үнэ өсөж, иргэдийн нуруун дээр дарамт нэмдэг. Тиймээс ХХАХҮЯ-наас намрын махыг нөөцөлж, хаврын хахир цагт борлуулах замаар махны үнийг тогтоон барьдаг болоод цөөнгүй жилийг үджээ.  Манай улс коронавирусаас сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосон ч энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн тул өмнөх жилийнх шиг хомсдол үүсэхгүй гэдгийг Засгийн газраас хэлж байсан.

Нөөцийн мах худалдан борлуулахаар хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, бар кодын асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хүндрэл бэрхшээлгүйгээр хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байна гэдгийг мэдэгдэж байсан. Худалдаалж буй газар бүрт “Нөөцийн мах” гэсэн хаяг хадаастай бий.

 

Дэлгүүрт өдөрт 289 кг мах нийлүүлэгдэж байгаа гэв

 

Нөөцийн мах борлуулалт бодит байдал дээр ямар байгааг мэдэхээр Баянгол дүүргийн Билгүүн супермаркетыг зорин очив. Тэр хавьдаа л томд тооцогдох тус дэлгүүрийн худалдагчаас махны борлуулалт хэр байгааг сонирхоход “Аль хэдийнэ  зарагдаад дуусчихсан. Ирсэн өдрөө л дуусчихдаг юм. Хүн ам ихтэй болохоор хоёр хоноод л 600 кг мах захиалдаг. Хурдан дуусч байгаа. Үнийн хувьд тогтвортой, нэмсэн зүйл байхгүй байгаа. Өдөртөө 289 кг мах нийлүүлэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Манай дэлгүүр “Өлзийт гал ” компанитай гэрээтэй” гэдгийг хэллээ.

Үүний дараа Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Элбэг март”, Анар төв, Тэргэл зэрэг дэлгүүрүүдээр ороход “хоёр хоноод л дуусчихдаг” гэх ижил хариултыг өгч байв. Эдгээр дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, зарим зүйлийг тодруулав. Баянзүрх дүүргийн иргэн С.Долгорсүрэн “Нөөцийн мах өнгөрсөн жил хэрэглэсэн. Хэтэрхий их ястай. Нөөцийн мах гэхээсээ илүү нөөцийн яс гэмээр л санагдсан. Ясыг нь чанаж, шөл гаргаад хоол хийвэл зүгээр юм уу даа. Тийм махыг долоон мянга гаруй  төгрөгөөр авч байснаас мянган төгрөг нэмээд зөөлөн шинэ мах авсан нь дээр шүү дээ. Тиймээс энэ жил нөөцийн мах авсангүй” хэмээн ярилаа.

Баянгол дүүрэгт байрлах  Стар худалдааны төвийн худалдагч “Манайх “Цэц манхан” компанийн нөөцийн махыг нийлүүлдэг. 3-5 хоногт нөөцийн мах ирдэг. Эрэлт их байна. Гэхдээ үхрийн мах хамгийн түрүүнд дуусчихаад байна. Одоо хонь ямааны мах л үлдсэн гэв. Үхрийн ястай мах кг нь 7900, хонины ястай мах кг нь 6900, ямааны ястай мах кг нь 6420 төгрөгөөр худалдаалж байна” гэв. Нөөцийн мах зарж буй дэлгүүрүүдийн хөлдөөгч рүү шагайвал хонь, ямааны ястай голдуу мах үлдсэн байгаа нь харагдав. Иргэд нөөцийн мах авахдаа үхрийн мах авахыг илүүд үздэг гэдгийг худалдагчид хэлж байлаа.

Харин Чингэлтэй дүүргийн  III хорооны иргэн С.Мөнхнаран  “Нөөцийн махыг хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан. Одоо махны үнэ ханш өндөр үед хэрэглэмээр байна. Гэхдээ хаагуур зарагдаж байгааг нь сайн мэдэхгүй юм. Олдохгүй байгаа сурагтай” гэсэн юм.

Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гараад эхэлсэн хэдий ч “Хүчит шонхор” захад махны үнэ өндөр, худалдаачдын зүгээс махны нийлүүлэлт бага байна. Ченжүүд болон өвөл дарсан хувь хүн дээр байсан мах борлуулж байна гэсэн юм. Үхрийн мах 9500-12500 төгрөг, хонины мах 8500-9500 төгрөг, адууны мах 8500 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Тэр тусмаа нөөцийн тогтсон, хямд үнэтэй мах худалдаанд хангалттай гаргасан ч махны үнэ өссөөр байгааг дуулгаж байв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин