ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлэн ажиглаж байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй байна.Иргэдээс гомдол, санал хүсэлт их ирж байна.

Гомдлын агуулгыг үзвэл, өрөө жижигхэн байна. Өрөөнд дасгал хийх боломжгүй байна. Хоол амтгүй байна. Нохойны хоол өгөөд байна. Би цэргийн госпитал, ХӨСҮТ-д хэвтмээргүй байна. Эх нялхас, Өргөө амаржихад хэвтмээр байна гэж байна. Эмчийн өөдөөс вариантай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, "Нохойн хоол өглөө" гэж уурлаж, хоорондоо зодолдож байна. Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр байхгүй. Эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилладаг, Энхийг сахиулах үйлсэд эх орныхоо багийг ахлан явж байсан хүмүүс. Тиймээс иргэд авираа татах хэрэгтэй байна.  Энэ бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Иргэдээ тусгай үүргийн онгоцоор авдаг улс маш цөөхөн. Таван одтой зочид буудалд байрлуулж байгаа улс ч байхгүй. Хэн нэгнийг уйлж дууллаа гээд тусгаарлах хугацааг дуусгачихдаг юм биш. Энэ бол иргэн таны үүрэг. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд ч үүнийг анхаарч, онгоцонд суухаасаа өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэрвээ шийдээд ирж байгаа бол үүргээ ухамсарлаж асуудал гаргахгүй байх хэрэгтэй" гэлээ.  

Мөн хүний эрхийг хүндлээд эдгээр иргэдийн нэр усыг зарлах шаардлагагүй гэдгийг ч онцолсон юм.