Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Тус онгоцоор нийт 265 хүн ирсэн бөгөөд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд хуваагдан тусгаарлагдсан байна.

Энэхүү тусгаарлалтын үйл явц тус онгоцоор ирсэн Их аварга, Асашёорюү Д.Дагвадоржид таалагдаагүйгээс, нисэх буудал дээр үл ойлголцол үүссэн байна. Үүний дараа Д.Дагвадорж аварга өөрийн цахим хуудаснаа “Би карантинаа барина! Харин нэг асуудал байна! ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй! Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан! Би хэвтрээ голох тийм хүн биш! Асуудал юундаа байна бэ гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас амжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байна аа гэж хэлсэн! Хүнд хэцүү үе дэлхий тэр чигээрээ хэцүү бгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлэхийг гэр бүлдээ хүсэхгүй! Хэн ч хүсэхгүй ! Асуудал энэ! Бусдыгаа муухай харагдуулж магад үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз!” хэмээн бичжээ.
Мөн тэрбээр үүнийхээ дараа “Энгийн иргэд ХӨСҮТ. МАН-ын дарга нар хүүхдүүдээ хар машинаар тосуулаад авдаг юм байна. Шударга ёс зүй энэ үү, тэгээд даргад үйлчилсэн УОК-ын хурган дарга нараа!” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

Ямартай Их аварга  ХӨСҮТ-д 21 хоног тусгаарлагдахаар болжээ.