ХБНГУ-д коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, 80 мянга руу дөхсөн. Тэгвэл тус улсад ажиллаж, амьдардаг Т.Хөвсгөлдалай гэх бүсгүй Берлин хотын хамгийн том эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асарч, сувилахаар болжээ.

Тэрбээр гурван жилийн турш тус улсад сувилагчаар ажиллаж байгаа аж. Энэ талаар өөрийн цахим хуудастаа бичихдээ “Дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарт хөл тавиад 3.6 жил хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө хэмжээнд хичээж овоо л мэдлэг чадвар цуглууллаа. Хатуужил, тэвчээр, зориг, золиос шаардсан энэ салбарт болон дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн лицензтэй нэгэн болсон байдаг юм. Хоёр хоногийн өмнө санаанд оромгүй ажлын томилолт авлаа. Тэр нь Бeрлин хотод коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг дагнан эмчлэх болсон Халдвартын тасагт гар биe оролцон ажиллах. Коронавирусийн талбарт нэвтэрч үзмээр санагдаж байна. Бас бодит байдалтай танилцаж, нүүр тулж үзьe гэж бодлоо.

Мэдээж айдас байгаа ч миний сувилагчийн мэргэжил энэ хатуу давалгаа, сорилтыг мэдрэхгүй, харахгүй байна гэдэг харамсалтай санагдаж байна. Та нар минь надад урам зориг хайрлаарай. Мэдээж хамгаалалтын хувцас хунар хангалтгүй санагдвал шууд татгалзана гэж бодож байгаа. Байдал таалагдвал, аюул бага байвал дуустал нь зүтгэнэ дээ. Тасгийнхаа эрхлэгчтэй мөр зэрэгцэн коронавирусийн халдвар авсан иргэдэд Монгол Улсынхаа нэрээр овоглон эмчилгээ, сувилгаа үзүүлэх боломж олдсонд нэг талаасаа олзуурхаж, бахархах сэтгэгдэл өвөрлөөд ханцуйгаа шамлаад орохоор шийдлээ” гэжээ. Т.Хөвсгөлдалай нь мэс заслын тасгийн сувилагч бөгөөд тасаг нь хаагдаж, мэс заслууд нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан аж.

Засгийн газрын мэдээ сонин