Ковид-19 дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ цаг үед эдийн засагт хүндрэл гарч эхэлж байна. Манай төр засгаас авч байгаа хариу арга хэмжээ нь асуудлыг түр аргалж, иргэдийг төөрөгдүүлж, эргэлзээнд оруулсан шийдвэр гаргасаар. Тухайлбал, НӨАТ-ын сугалаа гэх луйвараа зогсоох нь бүү хэл үргэлжлүүлэх болчихлоо. Мөн 10 хувийгн шимтгэлийг бууруулах шийдлийг ч гаргаж чадсангүй. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шимтгэлийг бууруулах хуулийн төсөл санаачлан өргөн барьсан ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Уг нь хууль санаачлагч “Энэ 10 хувийн татвар нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд тодорхой үр дүнгээ өгсөн. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэх үндсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн. Гэвч иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байгааг харгалзан таван хувь болгож багасгах зайлшгүй шаардлагатай байна. НӨАТ-ыг таван хувь болгосноор 20 мянган аж ахуйн нэгж татвар төлдөг болно гэж тэрбээр онцолж байсан юм. 

НӨАТ-ын урамшууллыг сугалаагаар олгож байгаа нь шударга бус гэдгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. Тэрбээр хуулийн төсөл санаачилжээ. "Нэг ширхэг талх дунджаар 1300 төгрөг. Үүний 130 төгрөг нь НӨАТ болно. 130 төгрөгийн 20 хувь буюу 26 төгрөгийг иргэд гар дээр буцаан авдаг. Бидний санаачилсан энэ төслөөр 26 төгрөг биш 91 төгрөгийг буцаан авах юм. Талхыг 1209 төгрөгөөр авна гэсэн үг. Нийт 141900 татвар төлөгч байна. Үүний дөрөвний нэг нь буюу 35000 НӨАТ төлөгч бий. Гэтэл бид орсон газар бүрээсээ баримт авч чаддаг бил үү. 141,000-106000 мянга гаруй аж ахуй нэгж НӨАТ төлөгч биш аж. Эднээс ядаж гуравны нэг нь орлоо гэж бодоход НӨАТ төлөгч 75000 болох тоо харагдаж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838-аар, 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1027-гоор нэмэгджээ. 2019 онд төсвийн орлого 12.9 их наяд болсноос 10.5 их наяд нь ААНОАТ бөгөөд үүнээс 30 хувь нь НӨАТ болон иргэдэд буцаан олгогдсон" хэмээн өөрийн санаачилсан хуулиа тайлбарлав. 

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш шүүмжлэл дагуулж буйг хэн хүнгүй мэднэ. Түүнчлэн НӨАТ-ынхаа 10 хувийг буцаан авах боломжгүй баримтыг ч ААН-үүд иргэдэд өгсөөр байгаа. Тухайлбал, и-баримтаа бүртгүүлэхэд зөвхөн сугалаанд орох эрхтэй. Харин буцаан олголтоо авах эрхгүй и-баримтыг ломбард, зарим хүнсний дэлгүүрүүд өгч байгаа нь шударга бус үйлдэл биз ээ. Тэгэхээр НӨАТ-ын шимтгэлийн хувиа бууруулах аль эсвэл сугалаа гэх луйвараа явуулахаа зогсоож, буцаан олголттой и-баримтаар бүгд үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, ААН илгээгүй баримтаа устгаад ДДТД-аар бүртгүүлсэн ч адилхан ААН илгээгүй гэж гарч ирээд буцаан олголтоо авах боломжгүй болж байгаа юм. Иргэдийн орлого муу байгаа энэ цаг үед НӨАТ-ын шимтгэлээ буруулвал эдийн засагт дэмтэйсэн.