Шүүх засаглалын хэвийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Үүнийг сүүлийн үеийн хоёр жишээнээс харж болохоор байна.

Жишээ №1 : Нэр дэвшиж буй яллагдагч, шүүгдэгч нар санаатайгаар шүүх хурлыг хойшлуулж байна

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хэд хэдэн этгээдийн хэрэг яллах саналтайгаар шүүхэд шилжээд байгаа. Гэвч тэдгээр этгээдүүд санаатайгаар шүүх хурлыг хойшлуулсаар байгаа. Хэрвээ сонгуулиас өмнө ял авчих юм бол сонгуульд өрсөлдөх боломжгүй болно. Харин сонгууль дуустал “гүрийчих” юм бол азаар УИХ-ын гишүүн болоод бүрэн эрх нэрийн доо уснаас хуурай гарах магадлалтай болно.

Яг ингэж санаархаж байж болзошгүй хүмүүсийн төлөөллийг зөвхөн СХД-т нэр дэвшигчдээс харцгаая.  

·         Кёкүшюүзан Д.Батбаяр. Кёкүшюүзан Д.Батбаярын хамаарал бүхий хүмүүс буюу түүний төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа нь “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд найман га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан.

 Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арваннэгдүгээр сарын тушаалууд, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө орон сууцын хорооллууд барьчихаад буй. Ийнхүү авсан газраа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудыг бусдад шилжүүлсэн байдаг. Тухайлбал, Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн аж. Тэгвэл Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал” болон Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компанийг О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн агаад тэр нь цаашаа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжүүлсэн аж. Энэ бүхнийгээ хууль сахиулах байгууллагынханд танилцуулахдаа “Бүтээн байгуулалт хийсэн” хэмээсэн ч зориулалтын дагуу ашиглаагүй нь яллагдагчаар татагдахад хүргэсэн байна.

·         АН-аас нэр дэвшигч Т.Энхсайхан.  Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болоод буй тэрбээр Японоос дагуулж ирсэн хөрөнгө оруулагчаа залилсан хэрэгт яллагдагчаар татагдан хууль сахиулах байгууллагынханд шалгуулж буй. Японы иргэний хөрөнгө оруулалттай “Фүжи холдинг” ББСБ-ыг Т.Энхсайхан, түүний эгч Энхээ, Японы иргэн Ишибаши Рёосүкэ нар байгуулсан гэдэг. Гэвч Японы иргэн нь манай хууль сахиулах байгууллагынханд Т.Энхсайханд залилуулсан хэмээн хандсанаар ийн яллагдагчаар тооцсон юм. Түүнийг буруутгасан гол үндэслэл нь “Фүжи холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны жилийн эцсийн баталгаажсан тайланд туссан 520 гаруй сая, 2019 онд банкан дахь харилцах данснаас 350 гаруй сая төгрөг бэлнээр авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэж буй. Т.Энхсайхан хөрөнгө оруулагчдаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулсан, сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан” гэж ярьж байсан бол УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Би Т.Энхсайхан гэдэг хүнээс ямар нэг мөнгө төгрөг авч байгаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн тухай хэвлэлүүд бичиж байсан.

·         Сахигтун 19  хөдөлгөөнөөс нэр дэвшиж буй Х.Бат-Ялалт ч мөн шүүгчдэгч.  Сонгуульд нэр дэвшигчийг сүрдүүлж 50 сая төгрөг авсан тэрбээр шүүх хурлаа хойшлуулахдаа мэргэшиж байгаа гэж хэлж болно.  Олон өмгөөлөгч авч, тэд нарынх нь шүүх хурал Х.Бат-Ялалтыг шүүх өөр өөр шүүх хуралтай болж таардаг. Маргааш болох шүүх хурлыг ч мөн хойшлуулах магадлалтай.

Тэдний араас Сэлэнгэ аймагт нэр дэвшигчид ч мөн яллагдагч, шүүгдэгчээр татагдсан байгаа.

Жишээ №2 : Зургаан жилийн хугацаатай томилогддог Ерөнхий шүүгч нэг жил гүрийгээд ажлаа өгөв

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.20/ зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр  74 дүгээр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томилж байсан юм. Тэрбээр ажлаа нэг жил л хийсэн байна. Уг нь бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Гэтэл элдэв дарамт шахалтаар ажлаа өгч байна гэж хардах хүн цөөнгүй бий.

 Уг нь шүүх засаглал халдашгүй дархан байх ёстой. Гэтэл энэ мэтээр  зохион байгуулалттайгаар халдаж байгаа нь сонгууль шүүхийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм.

Шүүхийн бүрэн эрхэнд энэ мэтээр санаатай, санамсаргүйгээр халдаж байгаад хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй нь энэ цагийн эмгэнэл гэлтэй...