Тоглох тоглоомын талбайгүй ч тоостой саарал гудамжинд бөмбөг өшиглөж, анд найз, ах дүү бололцон нөхөрлөж өссөн хөвгүүд хамтдаа диваажинг зорьлоо.

Тоос тортгонд дарагдсан ч тооноор нь үргэлж тэнгэр харагддаг, бас үргэлж дулаахан байдаг бор гэртээ, “нохой аюултай” гэж томоор, бас тодоор бичсэн намхан хашаандаа, хөлд орсон цагаасаа л өөд, уруу нь гүйж, хэдэнтээ өвдгөө шалбартал унаж байсан ч дандаа л зөөлхөн байдаг тэр гудамжиндаа тэд дахин хэзээ ч очихгүйгээр явчихсан. Тэнгэр өөд, диваажин руу... Магадгүй тэд диваажинд л айх аюулгүй тоглож,  зүлгэн дээр барилдаж, агаарын бөмбөлөг хөөргөж, модны сүүдэрт мөхөөлдөс идэнгээ чанга, чанга инээлдэн ярилцан сууж болох болохоор, өөрсдөө ч мэдэлгүй “яарчихсан” юм болов уу. Нэг нэгнийгээ дуудан цуглаад тоостой саарал гудамжаа уруудан хотын төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин хөл хөөр болон явахдаа тэд юу гэж ярилцацгааж байсан бол...

Удам угсаа залгах хоёр хүү эндэж, ургийн модны ижил хоёр мөчир хугарчихлаа 

10 настай Г, 11 настай О, 14 настай Б, 15 настай Б бол ТЭД. Хариуцлагагүй, хууль зөрчсөн компанийн ухаад үлдээсэн нүхэнд, түүнд нь тогтсон усны халианд аврал эрсээр живчихсэн ТЭД... Дөрвөн хөвгүүний хоёр нь нэг айлын ах дүү хоёр байжээ. Удам угсаа залгах хоёр хүү эндэж, ургийн модны ижил хоёр мөчир хугарчихлаа. Хэдхэн хормын өмнө инээж явсан дүү нь усны халианд толгой нь шоволзож, гар нь сарвалзахыг харсан ах нь дүүгээ аврахаар ус руу орсон ч хэн нь ч гарч ирээгүй. Хэсэг хугацааны дараа онцгой байдлын аврагчид хүйтэн цүнхээлээс хөвгүүдийг гаргасан ч  уушги нь усаар дүүрэх мөчид тэд эцсийн амьсгалаа татсан байж.

Зулын дэргэд эхэр татах гэр бүлийнхнийх нь шаналлын тухай бичиж зүрх хүрэхгүй нь. Магадгүй тэд дөнгөж өчигдөрхөн хөвгүүддээ дөрөвхөн хоногийн дараа болох хүүхдийн баяраар ямар бэлэг өгөхөө, яаж баярлуулахаа ч бодож, хэрхэн баярлахыг нь төсөөлж байсан байх.

      Өнөөдөр дөрвөн хүүгийн араас, гурван айлд зул асаж байна. Зулын дэргэд эхэр татах гэр бүлийнхнийх нь шаналлын тухай бичиж зүрх хүрэхгүй нь. Магадгүй тэд дөнгөж өчигдөрхөн хөвгүүддээ дөрөвхөн хоногийн дараа болох хүүхдийн баяраар ямар бэлэг өгөхөө, яаж баярлуулахаа ч бодож, хэрхэн баярлахыг нь төсөөлж байсан байх. Хөвгүүд ч бас аав, ээжээсээ хэдхэн цаг тоглоод ирэхийг л гуйгаад гэрээсээ гарсан байх. Амьдарч байгаа хот нь алхам тутамд нь аюул заналхийлж байдгийг хараахан мэдэхгүй хөвгүүд аав, ээжээсээ тоглоод ирье гэж гуйхдаа тогтоол усны тухай толгойдоо огт бодоогүй нь мэдээж.

Хөвгүүдийн эзгүйд гэрт нь дээр нь дахиад А үсэг ч бичигдэхгүй дэвтэрнүүд, хоншоор нь халцарсан хос пүүзнүүд, харин гадна нь түрээд гүйдэг байсан усны тэрэг нь, урагдаж халцарсан ч хий нь гарч “гомдоож” байгаагүй өнчин бөмбөг л үлдсэн байх, магадгүй...

Тэд амьдралд ямар нүгэл хийсэн гэж ийм эрт явчихав аа. Бусад хүүхдийн л адил “гоё газар” тоглоё, ганц өдөр ч болов дүү нараа баярлуулъя гэж бодсон 15-хан настай ахын сэтгэлд ямар буруу байгаа гэж энэ вэ. Хэрвээ тэнд хууль зөрчин газар олгоогүй бол, гүн цүнхээл бэлдчихээд хамгаалалтгүй хаяагүй бол, хянадаг шалгадаг газрууд нь “Зогсоо” гэсэн бичиг өгсөн болоод орхиогүй бол, хэрвээ хот хүүхдэд ээлтэй байсан... дөрвөн хүү өнөөдөр инээд алдан тэргээ түрээд усандаа гүйж байх байлаа.

Бид ер нь хаашаа яваад байна вэ. Голын эргийг ухаж сэндийчиж ухсан нүх болгох, газар сайгүй хашаа хатгаж, байшин барилга барьж хүүхэд тоглох газаргүй болгохыг яагаад хөгжил гэж хараад байна вэ. “Аз жаргалтай” гэж тодорхойлдог хэрнээ үнэндээ “Аюултай” хотод өсөж торниж байгаа хүүхдүүдэд амьд явах баталгаа 0,00000000000000000000000000000000000000000000000000000001 хувь... Хотдоо ганцхан байдаг Үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэн нь хараа хяналтгүй, хаяа залгаад ухсан нүхтэй, тогтоол устай аюултай газар болоод хувирчихсан байхад хүүхдүүд өөр хаана аюулгүй тоглох юм бэ,

Учир утгагүй улс төрийн хэрүүлээ өдөр шөнөгүй хийж, алга дарам газраа ч авлигаар зарж, ухаж, баяжиж суух зуурт чинь тоглоомын талбайгүй хүүхдүүд тоглох газар хайж явсаар амиа алдсаар байна, хотын удирдлагууд аа.

    Тоглоомын талбайд төмрөнд даруулж нас бардаг, тоглож яваад л тогонд цохиулдаг, зам гарч яваад л машинд дайруулдаг, хууль зөрчсөн барилгын тогтоол усанд үйчихдэг, бас утаа амьсгалсаар уушгины хатгалгаагаар амиа алдчихдаг. Хэдхэн хоногийн дараа болох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхдүүдэд томчууд бид яаж “Баяр хүргэе” гэж хэлэх юм бэ. Нийт хүн амын тал нь оршин сууж байгаа гэр хороололдоо торойх ганц ч тоглоомын талбайгүй байж бид яаж баярлуулах юм бэ. Учир утгагүй улс төрийн хэрүүлээ өдөр шөнөгүй хийж, алга дарам газраа ч авлигаар зарж, ухаж, баяжиж суух зуурт чинь тоглоомын талбайгүй хүүхдүүд тоглох газар хайж явсаар амиа алдсаар байна, хотын удирдлагууд аа. Хариуцлага яриад эхэлмэгц хэд гурван хүнийг ажлаас нь халсан болоод хэргийг намжаадаг хүн ёсны бус аргаа хэзээ засах юм бэ. Өсөж торних орчин нь ийм аюултай байхад хэн хүүхэд төрүүлье гэж зориглох юм бэ.

    Эцэг, эхийнхээ хайрыг ч бүтэн амсаж амжихгүй яваа бяцхан үрсээ хамгаалахын тулд, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд, амьд явах баталгаатай болгохын тулд нийгмээрээ, нийтээрээ анхаарах цаг болсон юм биш үү, Монгол Улсын Ерөнхийлөгч өө. Хүүхдэд ээлгүй, хүүхдэдээ хайргүй Монгол Улсын төрийн тэргүүн, яам, тамга, хотын дарга нараа та нар хүүхдийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө юу хийсэн юм бэ, золгүй байдлаар нас баруулахаас өөр юу хийж чадаж байна вэ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН