Дөрвөн хүүхэд энд эндсэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан Талст” ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах усны толионд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг энэ сарын 27-нд гарсан.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Хан Талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлт нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орж амь насаа алдсан байна” гэв.

Дээрх хүүхдүүд Дэнжийн 1000-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү тоглохоор очоод гэртээ харьсангүй.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хийсэн юм.

Тухайн газрыг “Хан Талст” ХХК 2014 оноос хойш эзэмшиж тохижилтын ажил хийж байжээ. Тус компанийн үйл ажиллагаанд шалгалт оруулж хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын үйл ажиллагааг нь зогсоогоод байсан гэх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал өгөв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхоо дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм.

-Энэ сарын 17-нд Хан талст” ххК-ийн эзэмшлийн газарт байрлах тогтоол усанд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн газарт та хамгийн сүүлд хэзээ очиж танилцсан бэ. Нөхцөл байдал ямар байсан бэ?

-Харамсалтай үйл явдал болж дөрвөн хүүхэд эндсэн. Ар гэрт нь эмгэнэл илэрхийлж байна. Ажил үүргийн хариуцлагатай холбоотой асуудлууд энд яригдана. Өмнө нь иргэдэд, тэр дундаа хүүхдэд эрсдэлтэй орчин байгаа талаар анхааруулж байсан. Хэзээ ч хэний өмнө аюул эрсдэл ирэхэд ойрхон байгаа учраас хүн бүр, бүх албан тушаалтнууд, аж ахуйн бүх нэгжүүд дор бүрнээ сэрэмжтэй байхыг сануулж л байсан.

Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү өнгөрсөн оны тавдугаар сард очиж байсан юм. ҮЦХ-тэй хамтраад наран шарлагын газар байгуулж байгаа тухай мэдэгдэж байсан. Иргэд амралтаа ая тухтай өнгөрүүлэх орчин бүрдүүлж зөв зүйтэй зүйл хийж байна гэж ажигласан. Байгуулсан гэрээг нягталж, аюулгүй байдлын талаар сайтар зөвлөөд өнгөрсөн. Харин сүүлд хоёр долоо хоногийн өмнө очиход хотоос тавьсан дугуйн зам эвдчихсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхлүүлээд явуулж байгаа юм. Тухайн үед нь ажлын хэсэг байгуулаад үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Энэ үед л дээрх харамсалтай явдал боллоо. Байгуулсан гэрээний асуудлаас авахулаад олон асуудал яригдана. Хариуцлага алдсан компанид хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага тооцох байх” гэсэн юм.

“хан талст” ххК-ийг гавьяат барилгачин Ш.Бат-Энхийн гэр бүл эзэмшдэг

Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн санд “Хан Талст” ХХК Монгол Улсын гавьяат барилгачин Шагдарсүрэнгийн Бат-Энхийн бүртгэл дээр байдаг. Ш.Бат-Энхийн эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан Ишбадамын Нарантуяа юм. И.Нарантуяа нь 2012-2015 оны хооронд Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллах хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хан Талст” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлж байжээ.

Э.Бат-Үүл нийслэл хотын дарга байхдаа 2014 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 01/2129 дугаартай албан бичгээр Төрийн өмчит байгууллага болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9.9 га газар олгож байжээ. Дээрх газраас 3.3 га-г нь тухайн үеийн Үндэсний цэцэрлэгт хүлээлэнгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан Талст”компанид ашиглуулахаар гэрээ байгуулж байжээ.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан тус гаЗрын үйл ажиллагаатай танилцаж дэмжихээ илэрхийлж байжээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд “Хан Талст” компани руу очихдоо “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буйтай танилцаж байсан юм.

Тухайн үед бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай явж байжээ. Энэ үеэр “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруйн хугацааг зарцуулсан.

“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн дөрвөн улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэж мэдэгдэж байсан аж.

Аж ахуйн нэгж, албан тушаалтнуудын ажилдаа хариуцлагагүй, ханддаг хайнга байдал дөрвөн хүүхдийн алтан амийг авлаа. Үүний хариуцлагыг байгууллагууд бие бие рүүгээ чихээд өнгөрдөг өмнөх жишиг энэ удаад ч давтагдахгүй гэх баталгаа алга. Өдөрт л хэдэн зуун хүүхэд холхидог Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд барилгын ажил зөвшөөрөлгүй явуулж дөрвөн хүүхдийн амийг алдахад хүргэсэн “Хан Талст” ХХК-тай хатуу хариуцлага тооцъё.