АНУ-ын Атланта хотод африк-америк гаралтай нэгэн залуу рестораны гадна цагдаагийн ажилтанд буудуулан амь насаа алджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан тус хотын цагдаагийн газрын газрын дарга албан тушаалаасаа огцорчээ. 

Рэйшард Брукс гэх 27 настай өнгөт арьст залууг цагдаагийн шаардлага биелүүлээгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн баасан гарагийн орой буудан ийн аминд нь хүрсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Атланта хотын оршин суугчид гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. 

Өмнө нь Жорж Флойд гэх өнгөт арьс залуугийн амь нас хохирсон хэргээс үүдэн Америк даяар эсэргүүцлийн жагсаал гарч төдийлөн намжаагүй байтал дахин үүнтэй төстэй хэрэг гарсан нь энэ байдлыг улам дэвэргэх бололтой.  

Брукс гэх хохирогч залуу зоогийн газрын машины орох хэсэгт машин дотроо унтаад зам чөлөөлөхгүй байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд хэргийн газар иржээ. Харин үүний дараа цагдаагийн ажилтнууд түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад Брукс эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн ажилтны биед халдан зугтаасан байна. Харин энэ үед түүнийг араас буудан унагажээ. Энэ бүхнийг ойролцоох машинд сууж байсан нэгэн иргэн гар утсаараа бичлэг хийж баримтжуулжээ.