УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /06.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын зүгээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргалыг томилохоо албан ёсоор мэдэгдэж, энэ долоо хоногт Засгийн газрын бүтцээ танилцуулна гэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: -Төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байна. Сонгуулийн үйл явцаас харахад Ардчилсан нам 21 аймаг, 9 дүүрэгт хуульд зөрчсөн үйл ажиллагаа гаргаагүй, амжилттай үргэлжилж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг мэдэж байгаа. Цар тахал, сонгууль болж байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засгийн асуудал орхигдсон явж байна. Засгийн газар чиг үүргээ тасралтгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар бүрэн эрх нь баталгаажих хүртэл одоогийн бүрэн эрх хэрэгжүүлж, чиг үүргээ сахиж ажиллаж үүрэгтэй байдаг. Харамсалтай нь улс орны гадаад нэр хүнд туйлын хүнд байна. Тухайлбал, хар тамхитай холбоотойгоор хар жагсаалтад орсон, санхүүгийн хувьд найдваргүй гэж зээлжих зэрэглэл хасах руу, саарал жагсаалт руу орсон. Ийм цаг үед тодорхой дүгнэлт хийж, Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд олонх болох учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах зохион байгуулалт, бүтцийг энэ долоо хоногт зарлахаар төлөвлөж байна. Мөн гадаад, дотоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, онцгой нөхцөл байдлын түвшинд хүрсэн энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдгийг авч хэлэлцэж, ярилцаад Ардчилсан намын даргын хувьд дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг томилох саналыг гаргасныг намын удирдлага санал нэгтэйгээр шийдсэн.

АН-ын дэд дарга Р.Амаржаргал:-Ардчилсан намын удирдага, намын гишүүдээр дамжуулж, иргэдээр дамжуулж АН-д асар их итгэл хүлээлгэж байна гэж ойлгож байна. АН-аас хүлээлгэж байгаа энэ их итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд би энэ мэдээг сая сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын үед байр сууриа илэрхийлнэ.