Дэлгэр Монголын наадам дэргэд ирээд айлсчээ. Бөхчүүд тус тусын галдаа гарч наадмын бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна.

Энэ жил бугын сангийн аж ахуйд Дорноговь аймгийн бөхчүүд бэлтгэлд гарчээ. Дорнын говийн хүчтэнүүдийг өнөө жил аймгийн хурц арслан Ёндонгийн Эрдэнэжаргал ахалсан байна. бид бага үдийн алдад тус галаар ороход 20 орчим бөх барилдааны бэлтгэлээ базааж байв. Тэд өглөө кроссонд гүйж, өдөр барилдааны бэлтгэл базааж байгаа талаар тус галын ахлах, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал хэлж байна. Тэрбээр “Хутагтын хүчтэн дэвжээний бөхчүүд наадмын сэргээлтийн бэлтгэлд гараад удаагүй байна. Манайхан хөл хорионы үед гол төлөв хүчний бэлтгэл хийжээ. Барилдааны арга техник талаас нь түлхүү анхаарч ажиллаж байна. Өнөө жилийн наадмаар сайн барилдаж улсын цолд хүрэх боломжтой хэд хэдэн залуу аймгийн арслан манай галд бий” гэв.

"Хутагтын хүчтэн" дэвжээнд бэлтгэл базааж буй аймгийн арслан Мөнхжаргалын бямбадоржийн бэлтгэл энэ жил сайн байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн наадмаар сайн барилдаж гурав давсан ч оноолтын даваанд улсын харцага О.Хангайтай нугарч өвдөг шороодсон.

"Хутагтын хүчтэн" дэвжээний бөхчүүд бэлтгэлийн Чулуунгэрэл

Дорноговь аймгийнхан өнөө жилийн наадмаар М.бямбадоржийг улсын цол хүртэнэ хэмээн итгэл хүлээлгэж байна.

Б.Бат-Өлзий, О.Хангай гээд өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулж байсан Б.Бямбадоржийг бөх сонирхогчид том цолд хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

Мөн энэ галд Б.Баатархүү, Б.Батзориг, Т.Буянжаргал нарын аймгийн арслангууд цолоо ахиулахаар бэлтгэлээ базааж байна. Үүнээс гадна үндэсний бөхийн өсвөр үе залуучуудын улсын таван удаагийн аварга аймгийн заан Б.Бат-Эрдэнэ энд бэлтгэлээ базааж байна. Түүний хувьд өнгөрсөн жил аймгийнхаа үзүүрлэсэн амжилтаа ахиулах зорилготой байгаа гэнэ. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга аймгийн харцага Баасандоржийн Бадралаас авахуулаад Дорнын говио дуурсгах ирээдүйн сайн бөхчүүд энэ галд олон байна. Улсын харцага А.Цацабширээс хойш улсын цолтой бөх Дорноговиос төрөөгүй байгаа. Галаасаа улсын цолтон төрүүлэхээр хичээж буйгаа дасгалжуулагч Ё.Эрдэнэжаргал хэлж байлаа.

Аймгийн арслан Т.Чулуунгэрэл

Бугын сангийн аж ахуйн урдхан талд Баруун дэлгэрийн аманд Төв аймгийн "Дүнжингарав" дэвжээний бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Б.Бадам-Очир нараар ахлуулсан 20 орчим бөх тэнд бэлтгэлд гарчээ. Даваабаатар харцагын тухайд анх удаагаа аймгийн бөхчүүдээ ахалж галд гарч буй нь энэ гэнэ. Биднийг очиход бөхчүүд өдрийн хоолондоо орж байсан юм.

Улсын заан Б.Батмөнх, улсын өсөх идэр начин Б.Батчулуун нарын шилдгүүд энэ галд бэлтгэлээ базааж байна. Бөхийн хорхойтнууд энэ галаас улсын начин Галсан-Очирын Ганжадыг цолоо ахиулна хэмээн таамаг дэвшүүлжээ. Түүний хувьд өнгөрсөн улирлын заалны барилдаануудад тогтмол шөвгөрч амжилттай барилдсан юм. Ч.Санжаадамбыг аварга цолтой зодоглосон анхны наадамд нь өвдөг шороодуулж улсын цолны босгоор алхаж байсан Г.Ганжад начин өнөө жилийн наадмаар шөвгийн даваанд гарч барилдах л болов уу. Бэлтгэл нь ч жигдэрч өнгө зассан байна лээ.

Мөн энэ галд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Доржхандын Хүдэрбулга бэлтгэлээ базааж байна. Хүдэрбулга арслан өнгөрсөн жил Налайх дүүрэг болон, Төв аймгийн баяр наадмуудад амжилттай барилдаж үзүүрлэсэн юм. Ө.Даваабаатар харцага Хүдэрбулга арсландаа том итгэл хүлээлгэж байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа. Түүний бэлтгэлийг анхааралтай ажиглаж алдаа оноог нь тухай бүрт нь сануулж гардаж ажиллаж байсан юм.

Мөн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр гэж арал бяртай залуугийн баяр наадмын бэлтгэл жигдэрчээ. Өнгөрсөн өвөл улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн Ууганбаярыг улсын начин цолоор тогтохгүй том цолд хүрэх нөөц бололцоотойг багш нар нь онцолж байлаа. Тэр жил П.Бүрэнтөгс гэж аймгийн цолтой залуу улсын наадамд түрүүлсэн түүх энэ удаа давтагдаж Ууганбаяр гэж улсын арслантай болж ч магадгүй юм. Аварга арслангуудыг ч айлгадаг Ууганаа арслан улсын цолны даваанд шилдэг харцага, начингуудтай тунаж барилдах магадлалтайг галынх нь бөхчүүд ярьж байлаа.

Мөн Угтаалцайдам сумын харьяат аймгийн хурц арслан Ганболдын Өсөхбаярын бэртэл илааршиж наадмын бэлтгэлээ базааж байна. Уран, мэдрэмжтэй барилддаг арслан улсын цол хүртэхэд ойрхон байгааг бөхийн хүрээнийхэн хэлж байна.

Дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн харцага Идэрийн Мандах удмаа дуурсгаж улсын цол авах зорилго өвөртөлж бэлтгэлээ чамбайруулж байлаа. Эхний ээлжинд аймгийн наадамдаа түрүүлчихмээр байна гэж Мандах харцага хэлж байна.

Аймгийн арслан П.Эрхэмжаргал, аймгийн заан М.Тэгшбаяр,аймгийн харцага НДашдаваа нарын өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд "Дүнжингарав" дэвжээнд бэлтгэлээ базааж байна. Хадбаатар аваргын хүү аймгийн начин Мягмарсүрэн "Дүнжингарав" дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж байсан юм. Харин дархан аварга А.Сүхбатын хүү Хангай наадмын бэлтгэлд гараагүй байна.

"Дүнжингарав" дэвжээний бөхчүүд хорио цээрийн үед бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаад талархаж буйгаа дуулгаж байлаа.

Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний бөхчүүд жил бүр Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг байсан бол өнөө жил буурь сэлгэжээ. Тэд Төв аймгийн Батсүмбэр сум Сөгнөгөрийн голд баяр наадмын бэлтгэлд гарчээ. Өнгөрсөн жил тааруу наадсан "Их Монголын хүчтэн" дэвжээний зөвлөхөөр дэлхийн хошой аварга хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов гуай ажиллаж байгаа юм байна.

Энэ галаас улсын шинэ залуу начин Баянзулын Цэдэнсодномыг дээгүүр даваанд гарч барилдах боломжтой хэмээн багш дасгалжуулагчид нь онцолж байлаа. Мөн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан Батжаргалын Лхагвадоржийг наанадаж начин цолд хүртэнэ хэмээн улсын арслан Бандийн Ганбаатар багш хэлж байна. Улсын дархан аварга А.Сүхбатын гараас Ирээдүйн аварга шагналыг хүртэж байсан бөхчүүдийн олонх нь улсын цолд хүрсэн байдаг. Өнгөрсөн жил Б.Лхагвадорж Ирээдүйн аварга шагнал хүртэж байсан билээ.

"Их Монголын хүчтэнүүд" дэвжээнээс аймгийн арслан О.Наранбаатар, Ж.Наранбаатар, Т.Ядамсүрэн нарын шилдэг бөхчүүд улсын наадамд барилдана. Нэг биш нэлээн хэдэн бөх улсын цол хүртэх бололцоотойг дасгалжуулагчид онцолж байлаа.

Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж баяр наадмын бэлтгэлээ “Чингисийн хүрээ” амралтын газарт базааж байна. Энд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан Ц.Сандагдорж нарын шилдэг бөхчүүд Содномдорж арслангийн хамтаар бэлтгэлд гарчээ. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрийг бөхийн хүрээнийхэн өнөө жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэж буй. Түүний хувьд өнгөрсөн жилийн заалны барилдаануудад амжилттай барилдаж гурван удаа түрүүлсэн юм. Содномдорж арслангийн өвдөгний бэртэл нь бүрэн илааршжээ. Өнгөрсөн жил их шөвгийн даваанд боссон Содномдорж арслан өнөө жил түрүүлж аварга цол хүртэх зорилготой бэлтгэлээ базааж байна. Мөн өнгөрсөн наадмаар улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв давж улсын цолны босгонд тулж очсон аймгийн арслан Ц.Сандагдорж дутуугаа гүйцээхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа гэнэ. Тэрбээр улсын наадмын тавын даваанд улсын начин Б.Орхонбаяртай тунаж барилдаад өвдөг шороодсон билээ.

Улсын наадмын түрүү бөх тодордог “Увс нуур” дэвжээний бөхчүүд уламжлал ёсоор Харзтайд бэлтгэлдээ гарчээ. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар гал ахалж байгаа юм байна. Харин дасгалжуулагчаар нь улсын заан О.Одгэрэл ажиллаж байгаа аж. Энэ галын аймгийн цолтнууд сонгуульдаа оролцохоор нутаг руугаа явжээ. Улсын наадамд барилдах цөөхөн бөхчүүд бэлтгэл базааж байгаа юм байна. Увс нуур галд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын түрүү бөхийн тааварт нэрлэгдэх шилдэг азлуу хүчтэнүүд бэлтгэлээ базаадаг. Гэхдээ гарьд, заан хоёр наадмын бэлтгэлдээ гарч амжаагүй байгаа ажээ.

Мөн улсын харцага Баасанхүү, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нарын хүчтэнүүдийг цолоо ахиулна хэмээн итгэл хүлээлгэж буйгаа Одгэрэл заан онцолж байлаа. Эднийхтэй айлсаж Баян-Өлгий аймгийн бөхчүүд бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Төрхурхын аманд “Сүлд” спорт хорооны бөхчүүд бэлтгэлдээ гарчээ. Улсын аварга Г.Эрхэмбаяр нутагтаа сонгуулийн ажилтай байгааг галынх нь бөхчүүд хэлж байв. Энд Ховд аймгийн харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий бэлтгэлээ базааж байна. Тэрбээр “Наадмын өмнө нутагтаа очиж уул овоондоо гараад ирсэн. Бэлтгэлдээ гараад удаагүй байна. Ачаалалтай бэлтгэлдээ орж хараахан амжаагүй байгаа. Энэ жил урд жилүүдийнх шиг өндөр формтой наадамд зодоглож чадахгүй нь шиг байна. Хөл хорио тогтоосон үед барилдааны бэлтгэл хийж чадсангүй. Гэхдээ ийм үед бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэлж наадам зохион байгуулж байгаад талархаж байна” гэсэн юм.

УЛСЫН АВАРГА, АРСЛАНГУУДЫН ЗАРИМ НЬ БЭЛТГЭЛД ГАРЧ АМЖААГҮЙ БАЙНА

Хүчтэний өлгий Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд Сүүж уулын ойролцоо бэлтгэлдээ гарчээ. Гэхдээ улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нар бэлтгэлдээ гарч амжаагүй байгаа гэнэ. Аварга Санжаадамба Өмнөговьд, Пүрэвдагва арслан Дархан-Уул аймагт сонгуулийн ажилтай явж байгаа аж. Аварга арслангуудын эзгүйд галыг улсын харцага Мягмарын Бадарч ахалж байгаа юм байна. Мөн Ховд аймгийн харьяат улсын заан Б.Пүрэвсайхан наадмын бэлтгэлд хараахан гарч амжаагүй байгаа гэнэ.

Бөхчүүд хаана ямар галд гарсан талаарх мэдээллийг багцлахад ийм байна. Бөхийн хүрээнийхэн өнөө жилийн баяр наадмын түрүү бөх харцага цолтнуудаас тодрох магадлалтайг хэлж байна. Тэр дундаа Б.Бат-Өлзий, О.Хангай нарын бөхчүүд цол ахиж төрийн наадмын түрүү, үзүүрт гарч барилдах цаг болсныг дуулгаж байсан юм. Мөн аварга арслангуудтай хүчтэй өрсөлдөөн үзүүлэх бөхөөр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын харцага Д.Анарыг нэрлэж байна. Үүнээс гадна улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нар түрүүлэх магадлал өндөртэй байгааг багш дасгалжуулагчид онцолж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон үед баяр наадмыг өнжилгүй зохион байгуулж байгаад бөхчүүд талархалтай хандаж байлаа. Мөн залуу бөхчүүд аймгуудын баяр наадмыг улсын наадамтай нэг өдөр тэмдэглэхээр болсныг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын том цолтой бөхчүүд аймгийн наадам хэсч найраа хийдэг буруу тогтолцоог зогсоосон зөв алхам болсныг аймгийн цолтнууд хэлж байв.