Өнгөрөгч оны хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байсан шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаныхан, прокурорын зөвшөөрлөөр талийгаачийн гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байдаг. Уг баримтуудад үндэслэн хоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагийн орой талийгаачийг нэр бүхий таван иргэний хамтаар саатуулсан байна. Мөрдөн байцаагчийн зүгээс сэжигтэн этгээдүүдийг 48 цаг саатуулах эрхтэй байдаг ба талийгаач хоёрдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагт суллагдах байсан ч суллагдах хугацаанаас гурван цагийн өмнө нас барсан байдалтай олджээ.Талийгаач тус хорих ангийн B1 жигүүрийн .... тоот камерт ганцаараа хоригдож байсан аж. Тэрээр давхар орны дээд талын хөндлөвч төмрөөс өөрийн өмсч байсан дотуур хувцсаар хоолойгоо боомилсон байжээ. Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид 00:15 цагт очсон гэх ба эд мөрийн баримтаар гурван хуудас бүхий ГЭРЭЭСЛЭЛ үлдээснийг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг.

Тэгвэл энэ хэрэгт буруутган ШШГЕГ-ын таван ажилтанг буруутган хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ холбогдох  хэргийн шүүх хуралдааныг  2020 оны 7 дугаар сарын 01-ны 0900 цагт товлосон боловч  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн  өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар  Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод  хөл хорионд орж  өнөөдрийг хүртэл ирээгүй  байна.

        Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар  хүсэлтдээ “ Шүүх хуралдаанд   үйлчлүүлэгчийнхээ  эрх ашгийг хамгаалж  өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд  улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд  байх хугацаа зэргийг харгалзан шүүх  хуралдааныг  хойшлуулж өгнө үү”  гэсэн  хүсэлт  мөн  хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг  өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан  2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 0900  цаг хүртэл хойшлуулав.