Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын газрын Хятадын худалдааны сайтаар зарж байна гэсэн яриа ихээхэн газар аваад байгаа билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч мөн” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж маргалдах болсон.

Гэтэл энэ заалт дээр дахин маргааны сэдэв болгон БНХАУ-ын зарим сайт, тухайлбал, alibaba.com дээр "Монгол улсад газар зарна" гэсэн зар гарсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тиймээс энэ талаар хуульчид олон талын тайлбар хийсээр байгаа. 

Хуульчдийн хувьд үүнийг тайлбарлахдаа дараах байдлаар ярьсан юм.  МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан ярихдаа: 

Байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гээд байгаа. Гэтэл энд ерөөсөө тийм агуулга байхгүй. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт сая Үндсэн хуулийн 6.2-т орсон заалтыг баталсан үзэл баримтлал юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа. 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан.

Гуравдугаарт, “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэж гөрдөөд байгаа. Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь эрүүл саруул ухаанд үл нийцнэ.

Мөн, Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан нь эдгээр этгээдэд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх ямар ч утга байхгүй.Ийм тодорхой заалтууд байсаар байхад гуйвуулж байна даа.Үндсэн хуулийг тайлбарлана гэдэг нэг заалтыг барьж аваад учир зүггүй өөрийнхөө бодлыг тулгах асуудал биш.Үндсэн хуулийн тухайн заалтын хамгийн сайн үзэл баримтлалыг харах, бас бусад заалтыг цогцоор нь унших ёстой.

Үндсэн хуулийг 6.2-т буй “төрийн нийтийн өмч” гэсэн үгийг мушгиж гуйвуулахдаа бүүр 1996 оны 5 дугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг эшлээд байгаа байхгүй юу. Энэ хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасныг эшлээд байгаа юм.24 жилийн өмнө батлагдсан хуулийн энэ заалтыг эшлээд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуйвуулан тайлбарлаад байгааг гүжирдлэг гэхээс өөр юу гэх вэ.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрөө Үндсэн хуультай нийцэх ёстой.Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн тэр ерөнхий зарчмынхаа хүрээнд энэ заалт хэрэгжээд явж байгаа юм.Жишээлбэл, энэ заалтыг бариад газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй.

Яагаад гэхээр энэ чинь Үндсэн хуулиар хориотойг түрүүн тайлбарласан. Хэрвээ 1996 оны энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэвэл үүнийг бас өөрчилж болно эсхүл Үндсэн хуулийн цэцэд өгч болно.Гэтэл ийм санаачилга гаргаж байсныг хараагүй.Энийг шүүмжлээд байгаа улстөрчдийн зарим нь 1996 онд энэ хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, сайд байсан. Хуулийн заалт нь буруу байсан юм бол дараа нь тэд УИХ-д сууж, УИХ-ын дарга, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа засаж залруулах боломжтой байсан ч тэгээгүй.Тэгэхээр ердийн хуулийн заалтыг барьж аваад дараа батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг.

Ер нь улстөрийн намууд өрсөлдөх явцдаа бие биенээ шүүмжлэх, янз бүрийн асуудлыг гаргаж тавьж эсхүл нийгэм, эдийн засгийн бодлогын асуудалд санал зөрж болно л доо. Гэхдээ бас ингэж худлаа гүжирдэж, иргэдийг төөрөгдүүлж байгаа явдал бол төрийн эрх мэдлийг авахаар хэтэрхий шунаж байгаагийн илрэл байх. Нөгөө талаар ингэж улайм цайм гүжирдэж байгаа нэр дэвшигч сонгогдчих юм бол явцуу сонирхлоо хойш тавиад нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах, олон нийтийн итгэлийг дааж чадах уу гэдэгт миний хувьд нэлээн эргэлзээ үүсгэж байгаа хэмээн тайлбарласан юм.

Эцэст нь энэ бүхнийг товчоор багцлан хүргэхэд :

Үндсэн хуулийн 6.3-т "... газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно..." гэж заажээ.

Тиймээс манай улсын газрыг зөвхөн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн 5 жилийн хугацаатай ашиглах ба зөвхөн нэг удаа 5 хүртэлх жилээр сунгана гэсэн зохицуулалттай аж. Энэ зохицуулалт нь уул уурхай болоод гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй байх үүднээс ийм заалт тусгасан хэмээн зарим нэг мэргэжилтнүүд үздэг байна. 

Үүнээс гадна “төрийн нийтийн өмч” гэх ойлголтоор иргэдийн дунд ихээхэн маргаан мөн өрнөж байгаа юм. 
Энэ талаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өмчийн зориулалтыг зааж өгсөн. Нэгдүгээрт, төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн зориулалттай өмчийн хэлбэр бий. Төрийн нийтийн зориулалттай өмчид Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг зэрэг зүйлс орно. Харин төрийн өөрийн зориулалттай өмчид барилга байгууламж, техник хэрэгсэл зэрэг үйл ажиллагаа явуулахад шаардлагатай өмч орно. Тэгэхээр “төрийн нийтийн өмч” гэдэг нь Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэргийг өөрийн өмчөөс нь тусдаа байдлаар нь захиран зарцуулна гэсэн санааг агуулж байгаа. Нийтийн гэдэг үг орсноор гадаад, дотоодын бүх хүнд хамааралтай гэсэн үг биш. Хоёрдугаарт, УИХ-аар  “төрийн нийтийн өмч” гэдэг нь юу вэ, яаж ашиглах вэ гэдгийг Үндсэн хуульд суурь зарчим болгож хэд хэдэн зүйл оруулсан. Түүний нэг нь байгалийн баялгийг ашиглах бодлогын тухай зохицуулалт. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь өнөө ба ирээдүйн иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангах гэсэн санаа бий.

С.Отгон