Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. 

Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН