Их Британийн өдөрт тутмын “Daily Mirror” сонины цахим сайтнаа дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйн хоёрдугаарт бичигдэх монгол бүсгүйн талаар нийтлэл бичжээ. 

Одоо 29 настай Рэнцэнхорлоо гэх энэ бүсгүй АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд биеийн өндөр нь 2 метр бол ташаанаасаа өсгий хүртэлээ 134.1 см урт хөлтэй аж. 

Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй гэх дээд амжилтыг АНУ-ын Техас мужийн Остин хотын оршин суугч 16 настай Мэси Каррин одоогоор эзэмшиж байгаа  бөгөөд тэрбээр 134.6 см гэсэн үзүүлэлттэй ба Рэнцэнхорлоос хэдхэн мм хэмжээгээр илүү юм.

Рэнцэнхорлоогийн аав нь 2.08 метр, ээж нь 1.85 метр өндөр нуруутай хүмүүс байдаг гэнэ. Түүний хувьд 46 размерын гутал өмсдөг Рэнцэнхорлоо өөрт таарах хэмжээтэй гутал, хувцас олдоход хэцүү байдгийг ярьжээ.

“Би нэгдүгээр ангид байхдаа багштайгаа чацуу буюу 168 см өндөр байсан. Ийм өндөртэй жаахан охинд таарах хүүхдийн хувцас олддоггүй байлаа” гэж тэр дурссан байна.

Хэдийгээр ховорт тооцогдох урт хөлтэй төрсөн ч Рэнцэнхорлоо Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэх сонирхолгүй байгаагаа ярьжээ.

Үүнээс гадна тэрбээр үргэлж л хаалганд толгойгоо цохьдог учир хэтэрхий  намхан байдагт нь заримдаа бухимддаг гэдгээ ярьжээ. Мөн бага байхад нь хэтэрхий өндөр учраас үеийн хүүхдүүд нь үргэлж л шоглодог байжээ. Харин одоо бол түүний энэ байдал түүнд давуу тал болсон учир өөрийн өндөр биендээ сэтгэл хангалуун явдаг байна.