Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбарын хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Ж.Болдбаатар “Монголын морин спорт, уяачдын холбоо, тодорхой албан тушаалтан, иргэд эрлийз гурван насыг уралдуулах хүсэлтийг Шадар сайдад гаргасан. Улмаар эрлийз гурван насыг уралдуулахаар боллоо.

Маргааш 07.00-11.00 цагт хязаалан нас уралдана. Мөн 12.00-14.30 цагт эрлийз дунд нас, 15.00-18.00 цагт уралдуулна. Монгол морьдоос эрлийз хүлгийг ялган уралдуулах ажлыг зохион байгуулна. Журмын дагуу сэрвээний өндөр, биеийн ерөнхий хэлбэрийг хэмжиж ялгана. Уяачдын холбоо, ХХААХҮЯ-наас гаргасан саналаар үүнийг зохион байгуулж байгаа.

Сэрвээний өндөр нь хэмжээндээ хүрсэн эрлийз гэдэг нь биеийн галбираар мэдэгдэж байгаа морийг монгол морьтой уралдуулахгүй. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус морьтой уяач уралдаанаас хоёр хоногийн өмнө хэмжүүлнэ. Уралдааны өмнө шийдвэрлүүлэхгүйгээр хасагдвал ямар нэгэн санал, гомдол хүлээж авахгүй” гэв.

Нас тус бүрийн морьдын уралдах зайг тодруулбал, азарга, соёолонг 23, их насыг 25, хязааланг 17, шүдлэнг 14, даагыг 11, эрлийз дээд насыг 23, дунд насыг 17, бага насыг 11 км-ээс уралдуулахаар баталсан байна.

Дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ.

  • Азарга, соёолон -140 см
  • Их нас -141 см
  • хязаалан 137 см,
  • шүдлэн 132 см,
  • даага 127 см өндөртэй байна.

Хурдан морьдын уралдах зай: 

  • Азарга, соёолон 23 км
  • Их нас 25 км
  • Хязаалан 17 км
  • Шүдлэн 14 км
  • Даага 11 км
  • Эрлийз дээд нас 23 км
  • Эрлийз дунд нас 17 км
  • Эрлийз бага нас 11 км тус тус уралдана.