ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр өвчлөл нэмж бүртгэгдээгүй, гурван хүн эдгэрсэн гэх сайхан мэдээг хүргэсэн юм. Тодруулбал, 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 10-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ын явуулын хоёр лабораторид  нийтдээ 681 хүний сорьцоос шинжилгээ авахад, бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, тусгаарлах байранд тусгаарлагдсан 262  хүний сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй.  Тусгаарлах байранд байгаа 18 хүнээс давтан шинжилгээ хийсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн  169 иргэн, Багабаянд тусгаарлагдсан 100 хүний давтан шинжилгээ сөрөг гарсан. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолооч, Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн 99 жолоочийн сорьцод  коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн. Монголд батлагдсан тохиолдол 227, эдгэрсэн хүн 200, одоо 27 хүн эмчлүүлж байна” хэмээлээ.