Өдрийн мэнд. Та хэдээсээ зөвлөгөө авах гэсэн юм аа. Нөхөр 42-той, би 37-той. Хоёр сайхан хүүхэдтэй. Бид хоёр наснаасаа оворгүй харагддаг, би өөртөө маш арчаатай, хүмүүс ч намайг гоё хүүхэн гэж ярьдаг. Нөхөртөө онгоноо өгч, дурлалцаж, хоёр хүүхдээ хүсэж гаргасан сайхан гэр бүл гэж би бодож явлаа.

Саяхан нөхрийн ажил дээр нөхөртэйгээ уулзах болоод очтол нөхөр эзгүй, намайг өрөөнд хүлээж бай гэв. Компьютер нь нээлттэй, фейсбүүк нь мөн нээлттэй анивчаад байхыг нь харчлаа, сониуч зандаа хөтлөгдөөд үзлээ. Нэг биш бүр гурван залуухан охидуудтай бичилцдэгийг нь харлаа. Гэвч сүүлийн өдрүүдийн чат л байсан тул өмнөх түүх нь байсангүй, устгасан байв. Нөхөр өөрийнхөө нууранд сэлж буй хагас нүцгэн зургуудыг бүгдэн лүү нь явуулж, чи минь юу хийж байна, би энд явж байна гэсэн зүйл бичсэн байлаа. ФБ хайлтыг нь харахад тэр охидын профайлыг бүр жилийн өмнөөс байнга орж хардаг байв. Гэртээ очоод тэр тэдний профайлыг хартал бүгд 20 гаран настай оюутан охид байв. Нөхөр маань бүх зураг, пост дээр нь бүгдэд нь лайк эсвэл зүрх жилийн турш дарсан байлаа.

Яахаа ч мэдэхгүй дотор харанхуйлаад байж байтал жирэмсэн болсноо мэдлээ. Нөхрөө харахаар л сэжиг хүрч дотор муухайрч байна. Юу ч болоогүй юм шиг л худлаа инээгээд л явж байна. Би одоо яавал дээр вэ? Өөр хэнд ч зовлонгоо ярьж чадахгүй хэдэн долоо хоног боллоо. Үр хөндүүлээд салдаг юм уу гэж бодож байна. Нэг биш бүр олон жоохон охидтой холбогдсон байгаа нь гаж дон биз дээ? Энэ дон юм чинь зүгээр болохгүй гэдгийг ч мэдээд байна.