Монголчуудын аж амьдралд хамгийн их нөлөө үзүүлж буй гол хүчин зүйлийн нэг нь банкны зээлийн хүү болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Эгэл жирийн иргэдийн ихэнх хувь нь л ямар нэг төрлийн зээлтэй явж байгаа. Энэ бол бодит үнэн. 

Зээлийн хүүг бууруулах нь монголчуудын мөнхийн хүлээлтийн нэг байсаар өдийг хүлээ. Гэвч улс төрчид энэ талаар сонгуулийн өмнө сайхан амлалт өгсөөр иргэдээ хуурсаар л. Улс төрийн мөнхийн сэдэв болоод буй энэ сэдвээр мэргэжлийн хүмүүс олон арван санаачлага гаргадаг ч биелэлтийг эс олж байна. 

Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжиж байсан түүхтэй. 1993 онд зээлийн хүү жилийн 300 хувь байсан. Харин энэ нь одоо цаг хугацаанд жилийн 17 хувь хүрээд байна. Зээлийн хүү хоёр оронтой тоогоор хэмжигдэж байгаа нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. 

Одоо засгийн эрхэнд аль ч нам байсан зээлийн хүүг буулгах ёстой юм байна гэсэн шаардлага ил гараад ирлээ. Үнэхээр Монголын аж ахуйн нэгж 30 хувийн хүүтэй зээлийг дийлэхгүй байна шүү дээ. Ийм өндөр зээлийн хүү дэлхийд байхгүй. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын шинж чанартай төслүүдийг жилийн 3, хамгийн дээд хязгаар нь 7 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлдэг. Гэтэл манай банкууд сарын 2 хувиас дээш, жилээр тооцохоор 30 хувь болдог. Энэ 30 хувийг “Амазон”, “Apple”, өөр юу байдаг юм ямар ч хүчирхэг компани дийлэхгүй. Маш том санхүүгийн дарамт ирж байна.

Төрийн оролцоо энэ салбарт байхгүй зөвхөн Банкны тухай хуулиар зохицуулна гээд заачихсан учир Монголбанк л энэ талаар эрх мэдэлтэй байгууллага гэж ойлгож болно.

Гэтэл ямар ч улсын төв банк, арилжааны банкны тухай хуульд зээлийн хүүг тогтооход төр оролцохгүй гэсэн заалт байдаггүй. Зээл бол онцгой бүтээгдэхүүн. улс орны иргэн бүрт зээл авах хэрэгцээ байдаг. Гэтэл тэрийг бэлтгэн нийлүүлж байгаа тал хязгаарлагдмал шүү дээ. Тэгвэл үүнийг зүгээр зах зээлд нь даатгаад орхичих юм бол монопол үүснэ.

Иймд зохиомол монопол үүсгэхгүйн тулд зээлийг төрөөс зохицуулдаг. Англи, Америк, Герман, Франц, Япон, Солонгос зэрэг бидний араас нь явж байгаа зах зээлийн эдийн засагтай орнуудад зээлийг төрөөс нь зохицуулдаг. нь манай банкууд Монгол улсыг олон жил “хүүлэх” муйхар хүслийнхээ үрээр лоббигоор хуульд зээлийг хүүг банк тогтооно гээд оруулаад өгчихсөн. Гэтэл энэ нь явсаар байгаад сүүлдээ банкиндаа ашиггүй болж ирлээ. Сүүлдээ иргэд зээлээ төлж чадахаа болиод банк хүнд байдалд орлоо.

Зах зээлийн эдийн засагтай ихэнх оронд зээлийн хүүг тухайн улсын төв банк тогтооно гэсэн хуультай. Яагаад улс орнууд төв банк гэсэн институцийг байгуулж байна вэ. Тэгээд татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлж байна гэвэл зээлийн хүүг л зохицуулах гээд байгаа юм. Энэ бодлогын институцийн нэг номерын ажил бол ерөөсөө л зээлийн хүүг зохицуулах байх ёстой.

Иргэдийн дунд сүүлийн үед яригдах болсон нэгэн асуудал бол гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх сэдэв юм. ОУВС Монголын арилжааны банкуудыг өөрийн хөрөнгө нь дутагдалтай байна, нэмүүл гэсэн чинь нөгөөдүүл нь гадна дотноос эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөнүүд оруулж ирээд 2016 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр анх удаа амжилтгүй болсон. Яагаад ОУВС-гийн хөтөлбөр дуусч чадаагүй гэхээр банкуудынхаа эх үүсвэрийг баталгаажуулж чадаагүйтэй холбоотой гэж ч яригддаг.

Үүнээс болоод ОУВС хэзээ ч ойлголцохгүй юм байна гээд гараад явчихсан. Ийм гажуудалтай, бусармаг санхүүтэй улс хөгжихгүй. Үүн дээр хүссэн хүсээгүй реформ хийж, гадны банкийг оруулах асуудал яригдана. Гадны банк орж ирээд Монголын газар нутаг, иргэдийн сууцыг хурааж авна гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Зүгээр л өрсөлдөөнийг цэвэршүүлж байгаа хэлбэр юм. Ингэж байж зээл иргэдээ хүүлж, нугачин дардаг биш хөгжүүлдэг бүтээгдэхүүн болно. Дэлхий дээр хоёр улс л гадны банк оруулаагүй. Тэр нь Монгол, Хойд Солонгос юм. Ядаж 10-20 улс гадны банкгүй байсан бол ойлгож болох юм.

Энэ мэтээр олон янзын гаргалгаа байсаар байгаа. Энэ жилийн сонгуулиар эрх баригч нам ч мөн банкны реформ хийж зээлийн хүүг бууруулах амлалт өгсөн. Тиймээс ирэх дөрвөн жил энэ салбарт эрс шинэчлэлт хэрхэн хийгдэхийг харж сууя даа.