Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Эцэг, эхчүүд www.parent.edu.mn веб сайтаар хүүхдээ бүртгүүлэх юм. 

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт аргаар буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй. Орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэв.

Цахим  бүртгэлд:

  • Зөвхөн нийслэлийн есөн дүүргийн сургуулиудын хамран сургах тойргийн хаягт хамаарах оршин суух хаягтай хүүхдийн элсэх хүсэлтийг бүртгэнэ.
  • Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийн сургууль дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
  • 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг бүртгүүлнэ.
  • Гадаадын иргэн харьяатын хувьд элсэх хүсэлтийг цахимаар бүртгэхгүй.
  • Элсэх хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана.
  • ЕБС-д бүртгэлтэй сурагчийг элсэгчээр бүртгэх боломжгүй.
  • Цахим бүртгэл 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагт хаагдана.