Манай орны ашигт малтмал, эрдэс  баялагууд гол төлөв  онгон дагшин байгальтай, газрын сор болсон нутгийн хөрсөн дор байрладаг нь даанч гачлантай. Цаашлаад тэр баялагийг ухаг гээд мөнгөнд шунасан гадаадуудад төр засгаас зөвшөөрөл өгөөд байдаг нь бүр ч илүү хяслантай. 

Байгалийн өвөрмөц тогтоцтой, говь, хангай хослон оршдог Төв аймгийн Баян-Өнжүүл сумын үзэсгэлэнт нутаг уул уурхайн савраас холуур өнгөрсөнгүй. Нэрт яруу найрагч, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүүрс алдан шүлэглэсэн Боржигоны бор тал дунд Зоргол хайрханаас холгүйхэн орших Их хайрхан өдгөө Хятад компаниар өрцөө цөмлүүлж эхэлсэн байх аж.

 

 

Түүхийг сөхвөл 1962 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт орших Их хайрханд 170 метр урттай Гянтболдын эрдэсжилт бүхий судлыг олж, далд хэлбэрээр ашиглаад 1965 онд дуусч байжээ.

Хөрсөн доогуур нь түнэлдэх байдлаар олборлолт хийж байсан учраас хөрсний ус гарсан, нуранги үүсэх аюултай гэсэн шалтгаанаар хуучин уурхайн дэвсэгт байгуулагдсан сумын төвийг нүүлгэж байсан гэдэг. Ингээд хуучин уурхай хүн мал унах аюултай эрсдэлтэй бүс болж, хаагдсан түүхтэй.

Харин 2018 оноос  Их хайрханы Гянтболдын хуучин уурхайг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Миндуотайди”ХХК гэх компани худалдан авч, сэргээн ашиглаж эхэлжээ. Ингэхдээ өнгөрсөн жил 100 гаруй хятад ажилчин ирж,  Баян-Өнжүүл сумын төвөөс 20 орчим километр зайд өндөр хүчдэлийн шугам татаж, хятад ажилчдын дөрвөн байр, олборлосон гянтболдоо татах, боловсруулах тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, нилээдгүй хөрөнгө мөнгө зарж бүтээн байгуулалт хийжээ. Гянтболд буюу вольфрам гэдэг нь маш үнэтэй ашигт малтмалд тооцогддог бөгөөд атомын зэвсэг, сансрын техник зэргийг бүтээхэд түгээмэл ашигладаг. Вольфрам манай орны цөөхөн хэдэн газарт л илэрцтэй байдгийн нэг нь Баян-Өнжүүл сумын Их хайрхан юм. Тус уурхайг 30 жилийн нөөцтэй гэж ярилцдаг бөгөөд “Ирэх 30 жил нөөцийг шавхахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаа нь сүүлийн 2 жилд хийсэн бүтээн байгуулалтаар нь нотлогдож байгаа” хэмээн нутгийн иргэд хэлж байлаа. Энэ жилийн тухайд коронавирусийн цар тахалын улмаас хил хаагдсан учир Хятад ажилчид нь ирж чадаагүй, ээлжийн  дөрвөн хамгаалагчаас өөр хүнгүй байдалтай байна. Гэхдээ хэзээ хил нээгдэнэ, тэр цагт ажилчид нь орж ирэхэд бэлэн гэнэ. Их хайрханы уурхайд орж үзсэн нутгийн иргэдийн яриагаар хөрсөн доогуураа хоёр км орчим урт ухагдсан түнэл байдаг бөгөөд хэрвээ ирэх 30 жилд хөрсөн доогуур нь нэвтлээд ухчихвал энэ нутаг бүхэлдээ сүйднэ гэж тэд халаглаж сууна.  

Баян-Өнжүүл сумын малчид  “Миндуотайди” гэх хятад компани гахайн толгой шатааж, бороо хур зогсоодог гэж нууцхан ярилцдаг болжээ. Учир нь тус компани энэ уурхайг авснаас хойш буюу 2018, 2019 оны зун энэ нутагт бороо хур огт ороогүй бөгөөд ган болж, малчид нутаг сэлгэн нүүжээ. “Сүүлийн жилүүдэд Их хайрханы ойр орчимд нутагладаг малчин байхгүй болсон. Харин энэ зун өнөөх хятадууд ирээгүй учраас бороо хуртай байна” хэмээн тус сумынхан ярилцаж байна. Уул уурхайн Хятад компаниуд ажлаа тасалдуулахгүй явуулахын тулд гахайн толгой шатаах дом хэрэглэн бороо зогсоодог гэх дам яриаг бодитоор нь харж, баталсан хүн ч байдаг байна.

Манай сурвалжлах баг Баян-Өнжүүл суманд очиход Засаг дарга нь эзгүй, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга нь Улаанбаатар хот явсан, Байгаль орчны байцаагч нь чөлөөтэй гэсэн шалтгаанаар Их хайрханы Хятад уурхайн үйл ажиллагаа ямар шатандаа байгаа, хэдэн ажилчинтай, хичнээн жил олборлолт явуулах зөвшөөрөлтэй зэрэг холбогдох мэдээллийг өгөх өгөх албан тушаалтан нэгээхэн ч олдсонгүй. Харин нутгийн малчид л хаана, хэнд хандах учраа олохгүй, хятадууд битгий орж ирээсэй гэж залбирхаас өөр зүйл хийж чадахгүй сууж байна.

Эх Сурвалж: Үндэсний шуудан